CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-тай уулзав

08-09-2022 15:38

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-гээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дотно мэндчилгээ дайлган уламжлав. Тэрээр хэлэхдээ, Монгол, Хятад хоёр орон өнө эртний түүхтэй, мөнхийн найрсаг хөрш, зовох цагт бие биедээ тусалдаг сайн анд, сайхан нөхөр юм. Хоёр орны хооронд улс төрийн эе эвтэй харилцаатай бөгөөд ямар нэгэн шийдэгдээгүй асуудал байхгүй. Монгол улс Нэг-Хятад бодлогыг тууштай дэмждэг бөгөөд Тайвань, Хонг Конг, Төвөд, Шинжаан зэрэг дотоодын хэргийг Хятадын дотоод хэрэг гэж үздэг. Энэ бол Монгол улсын баримталсаар ирсэн бодлого, ирээдүйд ч Нэг-Хятад бодлогыг тууштай дэмжинэ. Хятад улсын дарга Ши Жиньпиний удирдлагаар хөгжил цэцэглэлтийн гайхалтай амжилт олж байгаа өмнөд хөршийхөө амжилтаар бахархаж, талууд хамтран ажиллаж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тогтсон нийтлэг ойлголтыг бодит ажил хэрэг болгон хоёр орны худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг амжилттай хэрэгжүүллээ. Хятад улс хөгжлийн үр өгөөжөө хөрш оронтойгоо хуваалцаж буйд талархалтай ханддаг бөгөөд Монгол улсын хөгжилд тус нэмэр болж, хамтдаа ялалт байгуулах, хоёр орны хөгжлийн бодлогыг уялдуулан худалдаа, боомт, дэд бүтэц, цөлжилтөөс урьдчлан сэргийлэх зэрэг олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргана. Монгол Ардын Нам болон Хятадын Коммунист Намын харилцааг нэмэгдүүлнэ. БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурал амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэй хэмээн онцлон тэмдэглэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И дарга Ши Жиньпиний дотно мэндчилгээг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд уламжлав. Тэрээр хэлэхдээ, Хятад Монгол хоёр орны нөхөрсөг хөршийн харилцаа бол алт мөнгө авдар торгоор хэмжигдэшгүй, манай хоёр орон зовох цагт бие биедээ тусалдаг сайн анд сайхан нөхөр юм. Цар тахлын хүнд хэцүү цагт харилцан туслалцаж "Хонины хариуд бэлгийн цай" гэх мэтээр хоёр орны харилцаанд шинэ түүх бичигдсээр байна. Хятад улс өөрийн улсын ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг дээдлэн хөрш зэргэлдээ орон төдийгүй дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг ажилд хүч нэмэрлэсээр байна. Хятад улс цар тахлын эсрэг Монгол улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэлээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Монгол улсын баримтлаж буй  Нэг-Хятад бодлого болон зарим улс орон Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг Монгол улс эсэргүүцэж буйг сайшааж, талархал илэрхийлэв. "Анд зочилбоос амтат дарсаар, араатан чоно ирвээс авын буугаар" гэдэг Хятад хэлц үг байдаг. Монгол улс Хятад улс лугаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэн урагшлуулаж, язгуур эрх ашгийн асуудлаар харилцан дэмжиж, хамтаар энх тайван амар амагалан гэр орноо хамгаалан хойч үедээ үлдээе гэлээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ