“Эрдэмтэн Ц.Хишигтогтохын Монгол үндэстний эртний утга зохиол ба эх сурвалж бичгийн судалгааны амжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
06-07-2022 15:40
Энэ жил монгол судлалын салбарт нөхөж баршгүй гарз тохиосон нь нэрт эрдэмтэн Ц.Хишигтогтох лагшин биеэ номын агаарт хураасан явдал байв. Түүний монгол судлалын үйлст оруулсан яндашгүй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлэн дурсаж, хойшдын судалгааны ажлыг нь ахиулах зорилгоор “Ц.Хишигтогтохын Монгол үндэстний эртний утга зохиол ба эх сурвалж бичгийн судалгааны амжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 4-нд онлайнаар зохион байгууллаа. Хурлыг Хятадын Монгол Утга Зохиол Нийгэмлэг зохион байгуулж, Хятадын Монгол Судлалын Нийгэмлэг, Хятадын “Жангар” Судлалын Нийгэмлэг хамтран зохион байгуулав.
Хуралд холбогдох их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд зэргийн төлөөлөл 20 гаруй эрдэмтэн оролцож, Ц.Хишигтогтохын монгол сурвалж бичгийн судлалыг үүсгэн бий болгосон гавьяа, монгол сурвалж бичгийг эмхтгэн хэвлүүлсэн бүтээлийнх нь талаар ярилцаж, санал бодлоо солилцжээ.
Ц.Хишигтогтох нь 1940 онд Хишигтэн хошуунд мэндэлжээ. 2010 онд гавьяаны амралтдаа суух болтлоо 44 жил эрдэм шинжилгээний ажил эрхэлж, 20 гаруй аспирант, 16 докторант удирджээ. 2006 онд МУ-ын Ерөнхийлөгчөөс Алтан гадас одон, 2013 онд МУ-ын ЗГ-аас Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал тус тус хүртсэн юм.
Эрдэмтэн Ц.Хишигтогтох монгол утга зохиол, монгол сурвалж бичиг, монгол соёл хийгээд Хүннүгийн түүх соёлыг судалж, зүүлт тайлбар бүхий “Эртний монгол шүлгийн түүвэр”, “Монгол сурвалж бичгийн судлал”, “Монголын эртний утга зохиолын шинэ судлал”, “Монгол сурвалж бичгийн судлал”, “Ц.Хишигтогтохын өгүүллийн сонгодог”, “Монгол үсэг, монгол бичиг” зэрэг эрдэм шинжилгээний ном бүтээл туурвижээ. Мөн ““Чакраварди алтан хааны тууж”-ийн орчуулга тайлбар”, “Монгол уран зохиолын түүх”, “Дундад улсын эл үндэстний шашин ба домгийн толь”, “Эрдэнэтогтох” зэрэг хамтын бүтээл туурвижээ. Ц.Хишигтогтох монгол сурвалж бичгийг цуглуулж, эмхтгэх, хэвлүүлэх ажилд уйгагүй зүтгэж, “Монгол сурвалж бичгийн чуулган”-ыг 30 боть хэвлүүлсэн юм.
Ц.Хишигтогтох эрдэмтэн бол монгол эртний утга зохиол, монгол сурвалж бичгийн судалгаанд баларшгүй хувь нэмэр оруулсан, монгол судлалын оройн чимэг болсон алдарт эрдэмтэн мөн.