Эрдэмтэн Х.Бадайн “Жангар” судлалын амжилтын тухай эрдэм шинжилгээний цахим хурал боллоо
06-07-2022 15:06
Энэ сарын 5-нд эрдэмтэн Х.Бадайн Хятадын “Жангар” судлалын ажлын амжилтын тухай эрдэм шинжилгээний хурал цахимаар зохион байгуулагдлаа. Энэхүү хурлыг Хятадын “Жангар” Судлалын Нийгэмлэг зохион байгуулж, Хятадын Монгол Судлалын Нийгэмлэг, Хятадын Монгол Утга Зохиол Судлалын Нийгэмлэг хамтран эрхэлжээ.
Х.Бадай (1930-2022) нь наймдугаар хугацааны Бүх Улсын Улс Төрийн Зөвлөлийн байнгын гишүүн, Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Засгийн ордны дэд тэргүүлэгч, Улс Төрийн Зөвлөлийн Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Хорооны тэргүүлэгч зэрэг улс төрийн чухал албан тушаал эрхэлж явсан нийгмийн зүтгэлтэн бөгөөд эрдэмтэн, зохиолч, яруу найрагч хүн байлаа.
Тэрээр “Нялх цэцэг”, “Нэмэрлэг уулын салхи”, “Хувь тавилан”, “Х.Бадайн зохиолын чуулган” зэрэг зохиол бүтээл бичиж, орчин үеийн Ойрад монгол уран зохиолын хөгжил цэцэглэлд суурь тавьсан юм. Мөн “Ойрад монголын түүх соёлын судлал”, “Х.Бадайн өгүүллийн түүвэр” зэрэг судалгааны зохиол бичиж, “Ойрад монголын товч түүх” зэрэг ном найруулан, “Жангар” судлал, Ойрад судлалын үйлст хувь нэмрээ оруулжээ. Тэрээр Шинжаан “Жангар”-ыг цуглуулан эмхтгэж, хэвлүүлэх ажлыг удирдах дугуйлангийн даргын албан тушаалыг хашиж байхдаа “Жангарын материал” олон боть хэвлүүлэн, “Жангар”-ын хятад хэл дээрх бүрэн орчуулгын дэвтрийг харгуулан хэвлүүлж, “Жангар”-ыг авран хамгаалах ажилд гарамгай оролцсон юм. Түүний удирдлагаар 1991 онд Хятадын “Жангар” Судлалын Нийгэмлэг байгуулагдсан бөгөөд тэрээр нийгэмлэгийг 2009 он хүртэл даргалан ажиллахдаа улсын болон олон улсын хэмжээний “Жангар”-ын хурлыг олон удаа зохион байгуулж, “Жангар” судлалын олон улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, “Жангар” судлалын хөгжилд үнэлж баршгүй гавьяа зүтгэл байгуулжээ.
Хуралд холбогдох их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд зэргийн төлөөлөл 20 гаруй эрдэмтэн судлаач илтгэл тавьж, улс төрч, эрдэмтэн, зохиолч Х.Бадайн дурсгалыг хүндэтгэж, “Жангар” судлал, Ойрад монгол уран зохиолын хөгжилд оруулсан түүний гавьяа зүтгэлийг үнэлж, Ойрад монгол түүх соёл, “Жангар” судлалын тойронд ярилцан, санал бодлоо солилцжээ.