CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

НӨХӨРЛӨЛИЙН САЙХАН ТҮҮХ, ЭВ САНААНЫ ШИНЭ ХУУДАС

01-27-2022 11:32

Уул усаараа залгалдсан Хятад, Монгол хоёр улс нь бие биендээ чухал хөрш бөгөөд хоёр орны ард түмний найрамдал өнө удаан түүхтэй. Шинэ коронавирусын халдвар дэгдсэнээс хойш хоёр улс бие биендээ тусалж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж байна. Хятадад тахлын нөхцөл байдал хамгийн хүнд үед Монголын тал 30 мянган хонь хандивласан бол Монгол Улсад тахлын нөхцөл байдал хурцадсан үед Хятад улс 4 сая гаруй тун вакцинаар тусалсан нь найрамдал, харилцан туслалцах нөхөрлөлийг тод харуулсан юм.

Хятад, Монгол хоёр орны удирдагчид ойр дотно харилцаатай, хоёр орны харилцааны хөгжлийг стратегийн өндөрлөгөөс удирдан чиглүүлж байна. Өнгөрсөн онд Хятад, Монгол хоёр орны удирдагчид утсаар болон видео уулзалт хийсэн нь хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үр дүнтэй гүнзгийрүүлсэн юм. Хятадын Коммунист нам, Монгол Улсын эрх баригч Монгол Ардын нам нь зуун жилийн түүхтэй бөгөөд хөгжил, хамтын ажиллагааны түүхэн явцаа хянуур дүгнэж, хөгжлийн төлөвлөлтөө холбожээ. 2021 онд Хятад, Монгол хоёр улсын худалдааны хэмжээ өмнөх үеийнхээс нэмэгдэн, цар тахлын өмнөх үеэс давав. Хоёр орны ард түмний харилцан ойлголцол гүнзгийрч, Монголын бүх салбарынхан Хятад улсын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хараад баяртай байгаа бөгөөд Хятад улс дэлхийн энх тайван, хөгжилд улам их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Удахгүй болох Бээжингийн өвлийн олимп нь Хятад, Монголын ард түмний найрамдал, эв нэгдлийг гэрчлэх томоохон арга хэмжээ болно. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоо илэрхийлсэн анхны гадаадын удирдагчдын нэг юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы индрээс Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоо албан ёсоор мэдэгдэж, Олимп бол бүх хүн төрөлхтний томоохон үйл явдал, улстөржих ёсгүй гэдгийг онцлон тэмдэглээд, Монгол Улс Хятадтай эв санааны нэгдэлтэй байж, өвлийн олимпийг мөр зэрэгцэн угтах болно гэдгээ илэрхийлжээ. Эдгээр мэдэгдэл нь дэлхийн дийлэнх улс орон, ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлийг илэрхийлж, Монголын нийгмийн бүхий л давхаргаас нааштай хариулт авч байна.

МҮОХ ч мөн адил Бээжингийн өвлийн олимпийг дэмжиж байгаа нь тодорхой. Монголын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэн, явах бэлтгэлээ базааж байна. Монголын хэвлэл мэдээллийнхэн, ард түмэн Бээжингийн өвлийн олимпт анхаарал хандуулж, Хятад улс тахлын хүндрэлийг даван туулж, гайхамшигтай, гарамгай олимпийн наадмыг дэлхий дахинд толилуулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаад талархаж, хүлээлт их буйгаа илэрхийлэв. 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас анх удаа олимпийн алтан медаль хүртэж байсан сэтгэл хөдөлгөм мөчийг олон монголчууд дурсан санаж, Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын гайхалтай амжилтыг тэсэн ядан хүлээж байна. Мөн Бээжингийн өвлийн олимпт зориулан монгол залуусын урласан олон зуун видео бичлэг, олон тооны уран зураг, уран бичлэгийн бүтээлүүд бидэнд ирж, Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зөгнөн ерөөж, хүсэн хүлээж буйгаа илэрхийлсэн. Бээжингийн өвлийн олимп Монголын өвөлд тод өнгө нэмж, Монголын ард түмний Хятадын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал, эв нэгдлийг бэхжүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй.

Ши Жиньпин дарга 2014 онд Монгол Улсын Их Хуралд чухал илтгэл тавихдаа: Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагаа, Хятадын хөрш орнуудын дипломат харилцаа, Азийн орнуудын харилцааны талаар "Нөхөрсөг хөршийн харилцаа алтнаас үнэтэй " хэмээн онцлон тэмдэглэж байсан. Хятад улс Монгол Улс хоорондын харилцаандаа цаг үеийн чиг хандлага, ард түмний хүсэл эрмэлзлийг хүндэтгэн, хөршүүдтэйгээ найрамдалт, түншлэлийн зарчмыг баримталдаг. Хөрш лүгээ найрсаг, ханьсаг байж тогтвортой, өгөөжтөй байх дипломат бодлогыг тууштай баримталж ирсэн юм. Мөн хөршүүдээ цэцэглэн хөгжүүлэх, нөхөрсөг, чин үнэнч, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг баримталж, шударга ёс, ашиг сонирхлыг зөвөөр харж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг  бүтээн байгуулахын төлөө ажиллах болно. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Монголын харилцаа улам их хөгжилд хүрч, хоёр орны ард түмэн ирээдүй рүүгээ дөрөө харшуулан маргаашийн сайн сайханд хүрэх болно гэдэгт итгэлтэй байна. 

/БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүйн нийтлэл/

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр