CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Путин нар Хятад Оросын эрх баригч намын яриа хэлэлцээний 9-р уулзалтад баярын цахилгаан илгээв

04-21-2021 17:41

Хятад Оросын эрх баригч намын яриа хэлэлцээний 9-р хурал цахим хэлбэрээр болж, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уг хуралд тус тус баярын цахилгаан илгээсэн байна.

Ши Жиньпин баярын цахилгаандаа хурал ёслол төгөлдөр болж буйд халуун баяр хүргэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, 2021 бол "Хятад, Оросын найрсаг хөрш, найрамдалт хамтын ажиллагааны хэлэлцээр" -т гарын үсэг зурсны 20 жил, Хятадын Коммунист нам, Нэгдсэн Орос намын хооронд харилцаа тогтоосны 20 жилийн ой юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хятад, Орос хоёр улс үе үеийн найрамдлын үзэл баримтлал, олон улсын шинэ хэлбэрийн харилцааны зарчмуудыг сурталчлан, нягт, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа явуулж, өнөөгийн дэлхийн том гүрнүүдийн харилцааны жишгийг бий болгосон. Хоёр нам урт хугацаанд ойлголцон, Хятад, Оросын улс төр, стратегийн харилцан итгэлцлийг үр дүнтэй бэхжүүлэн, хоёр орны бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулсан гэв.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, өнөөгийн байдлаар дэлхий нийтийг хамарсан цар тахал, зууны өөрчлөлт давхцан, дэлхий ертөнц хүнд хэцүү өөрчлөлтийн үе рүү ороод байна. Хятад, Орос хоёр дэлхийн нөлөө бүхий чухал хүчний хувьд шинэ эринд стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын шударга ёс, үнэнч байдлыг хамгаалах, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, хамтын хөгжил цэцэглэлтийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх ёстой. Энэхүү уулзалтад оролцож буй хоёр намын төлөөлөгчид гүнзгий солилцоо хийж, зөвшилцөлд хүрч, хоёр намын стратегийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг хамтран нээж, шинэ эрний Хятад, Оросын харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх, илүү шударга, үндэслэлтэй олон улсын дэг журам тогтоох, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хоёр орны эрх баригч нам хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэлээ.

Путин баярын цахилгаандаа, Нэгдсэн Орос нам, ХКН нь ОХУ болон Хятадын улс төрийн гол хүчин, энэ жил хоёр намын томоохон тэмдэглэлт ой тохиож буй. Тухайлбал, ХКН байгуулагдсаны 100 жилийн ой, Нэгдсэн Орос намын 20 жил ой болно. Хоёр намын яриа хэлэлцээ нь Орос, Хятадын хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийн чухал хэсэг байсаар ирсэн. Онцлон тэмдэглүүштэй нь цар тахал нөлөөлсөн хэдий ч Нэгдсэн Орос нам, Хятадын Коммунист Намын Төв хороо болон орон нутгийн түвшинд харилцан солилцоогоо үргэлжлүүлж ирсэн явдал юм. Хоёр тал талуудын хамтын ажиллагааны олон томоохон асуудлуудыг гүнзгий хэлэлцэж, намын байгуулалт, хууль тогтоох ажлын талаар практик туршлага солилцон, практик хэрэгцээнд нийцсэн нийгэм, улс төрийн олон ашигтай санаачилгыг бий болгох ажлыг зохицуулав. Тус хуралд оролцож буй төлөөлөгчид бүтээлч, үр дүнтэй ажлыг өрнүүлж,  Орос, Хятад хоёр орон, хоёр ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг улам бүр бэхжүүлэхийг найдаж байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com