Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн газрын дэд дарга Ху Бинтэй уулзав
02-20-2021 09:46
БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Т.Бадрал 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн газрын дэд дарга Ху Бинтэй уулзаж, хоёр орны соёлын өвийн салбарын хамтын ажиллагаа, соёлын өв хамгаалах, сэргээн засварлах, археологийн хамтарсан судалгаа хийх, музейн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Элчин сайд Т.Бадрал Монгол Улсад “Чингис хаан” хаадын музей байгуулагдаж буй ажлын талаар танилцуулж, музейн сан хөмрөгийг бүрдүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав. Дэд дарга Ху Бин музейн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлж, энэ оны 5 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээ чуулга уулзалтын талаар танилцуулж, арга хэмжээнд Монголын талаас оролцохыг урив.