CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Дүнсгэр шаналан Цуврал №2

04-24-2019 11:18

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ


Бээжингийн онгоцны буудал дээр танилцсан эгч Туркэд харлаж, тэгээд баригдан хар тамга даруулаад Монголдоо очсон ч хийх ажил олдохгүй, гурван сар болоод Истанбул руу буцаж буй нь энэ аж. Паспортоо солиулаад ч амжиж. Хуулинд зааснаар монгол хүн нэг удаа нэрээ солиулах, мөн эргээд хуучин нэрээ сэргээх эрхтэй учраас зарим нь тус улсыг зорихын тулд эцэг эхээс өгсөн нэрээ ч солих нь бий. Түүний турк нөхөртэй, хүүхэд нь өвдсөн, охин нь амаржих гэж байгаа гээд бүгд худал байж. Истанбулд гурван жил орчим оёдолчин хийжээ. Харин өнөөх хүссэн үедээ буцаж нэвтрэх эрх бүхий бичиг нь үнэндээ торгуулийн хуудас болж таарав. Анхнаасаа үнэн мөнөө хэлсэнгүй гэж гомдолломоор байвч би орчуулахдаа түүн шиг худлаа ярьж чадаа ч уу, үгүй ч үү хэмээн тэр эгчийг зөвтгөсөн. Азаар эгчийг асуудалгүй хил нэвтрүүлсэнээр бид салсан юм.
Хууль бус үйлдэл
Монголчуудыг визгүй зорчуулах шийдвэрийг Туркийн Засгийн газар 2007 онд гаргаснаар тус улсыг зорьж ажиллах, сурах, сүүлийн жилүүдэд аялах хүсэлтэй монгол иргэдийн тоо нэмэгдсэн байна. Харин 2012 оноос Туркийн авиа компани долоо хоногт гурван удаа  шууд нислэг үйлдэх болсноор энэ тоо бүр ч өсчээ. 2016 онд гэхэд л 10 мянга гаруй монгол иргэн Турк рүү зорчсон байна. Тэдний хэд нь харлаж, хэд нь буцаж ирсэн тухай тоо баримт мэдээж хаана ч байхгүй. Туркийн холбогдох байгууллагын мэдээллээр 2016 оны байдлаар тус улсад манай 730 гаруй иргэн албан ёсоор оршин суух зөвшөөрөлтэй, 3000 гаруй иргэн зөвшөөрөлгүй амьдарч, ажиллаж байгаа аж. Харин Турк дэх Монгол оюутны холбооныхны хэлснээр 7000 орчим иргэн байдаг гэнэ. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд. Туркт эрэгтэй хүнд ажил олдох нь муу учраас ихэвчлэн эмэгтэйчүүд ар гэрээ өөд татаж, ахиухан мөнгө олохоор хилийн дээс алхдаг байна. Гэвч дарга нь татаж, чангааж, бүсгүйчүүд ч хэдэн төгрөг олохын тулд хүссэн, хүсээгүй хүслийг нь биелүүлэх тохиолдол гардаг гэнэ. Харин энэ хооронд ард үлдсэн нөхөр нь өөр амьдрал зохиох, үр хүүхдээ орхиод явах гэх мэт кинон дээр л гардаг үйл явдал олонтаа өрнөнө. Бүр улаан нялзрай үрээ найздаа үлдээгээд ирсэн эмэгтэй ч байх. Тэр бүрийг тоочиж баршгүй. Эмэгтэйчүүдийн ихэнх нь өрх толгойлсон, эсвэл ганц бие, аль эсвэл турк, монгол хамтран амьдрагчтай аж. Массажист нэрийн доор биеэ үнэлэх нь ч бий. Энэ ажлыг хийдэг хүүхнүүд Туркэд хамгийн өндөр цалин авдаг аж. Тэр байтугай ажилд оруулахаар авчирсан хүүхнээ эзэндээ зарсан тохиолдол ч гарчээ. Бас найз нөхөд нэгнээ “Дажгүй хүнтэй танилцуулъя” гэж хуурч, нөгөө хүнээс нь мөнгө авч, биеэ үнэлэхээс аргагүй байдалд оруулдаг гэнэ. Ажилд ороод удаагүй нэгнээ “Дарга чамайг маргаашнаас битгий ир гэсэн” гэж цалинг нь авч, оронд нь өөрийнхөө хүнээ оруулсан байна. Хулгай хийж амьдардаг бүх л бүтэн бүлэглэл ч бий болжээ. Тэд турк эмэгтэйн үндэсний хувцас өмсөж, хүүхдийн тэргийг дохиолол уншихгүй болгон тоноглож, томоохон дэлгүүрүүдээр хулгай хийдэг гэнэ.
Эсрэг тэсрэгийн туйл
Багагүй гуйж, нэрийг нь нууцлах болзолтойгоор Истанбулд ирээд гурав орчим жил болсон бүсгүйтэй ярилцлаа. Үзэж, харсан, мэдэрсэн болгоноо ний нуугүй ярьсных нь төлөө, тэр ч бас ийн хүссэн тул түүний нэрийг Х гэе. Х холын хамаатныхаа найзаар хоёр сая төгрөгөөр зуучлуулж, Туркт иржээ. Зуучилсан хүн нь “Очиход чинь тосож аваад, ажилд оруулаад өгнө. Долоо хоногтоо монгол мөнгөөр 300-400 мянган төгрөгийн цалин авна. Санаа зовох юу ч байхгүй” гэжээ. Гэвч хэлсэн бүхэн нь тэнгэр, газар шиг зөрүүтэй, харин ч бүр эсрэгээрээ байсан байна. Хоёр хоногийн дараа арай гэж ажилтай болсон ч хоёр хонолгүй халагдчих нь тэр. Шалтгааныг нь ч нарийн мэдээгүй байна. Дараа нь аяга таваг угаагчаар ажилд орж, өдөрт 14 цаг ажиллах болжээ. Зуучлалын хөлс, зардлаа хүнээс зээлээд ирсэн, их мөнгө олох зорилготой тул ажиллахаас өөр сонголт үгүй. Хэл мэдэхгүй учраас цалингаа хэзээ өгөхийг асууж чадалгүй хэд хоножээ. Зуучилсан хүндээ хэлтэл удахгүй гэж гэнэ. Долоо хонолоо, сар боллоо, цалин байдаггүй. Ар гэрээс нь тавьсан өр нь нэхэгдээд байгаа тухай байнга хэл дуулгана. Ингээд 45 хоног ажиллаад, долоо хоногийн цалинтай үгүйтэй тэнцэх хэмжээний мөнгө аваад ажлаасаа гарчээ.
Туркэд удсан, арга эвээ олсон монголчууд нэгнээ ажилд зуучилна. Гэхдээ энд үнэгүй зүйл нэгээхэн ч үгүй. Ажилд оруулж өгсөн хүндээ 100 ам.доллар өгдөг тогтсон ханштай. Энэ зарчмаар Х байртай, хоолтой гэх давуу талтай, дараагийн ажлаа олжээ. Гэвч эзэн нь янз бүрээр дарамталж, гарах гэхээр цалингаар нь “бооно”. Амьдрахын тулд, өрөө дарахын тулд, цалингаа авахын тулд тэрбээр шүд зуун ажиллана. Гэвч хорвоо дээрх цорын ганц дүү нь нас барсныг хөдөөлүүлэх өдөр нь мэдээд даргаасаа чөлөө гуйсан ч зөвшөөрсөнгүй. Гэрийнхэн нь түүнийг хүрээд ирэх вий хэмээн санаа зовохдоо гаргадаг өдөр нь л хэл дуулгажээ. Энэ хугацаанд тэрбээр оёдолчин, гэрийн үйлчлэгч, үйлдвэрт туслах ажилтан, тогоочийн туслах гээд хийж үзээгүй ажил үгүй. Зээлсэн мөнгө болох хоёр сая төгрөгөө дөрвөн сарын дараа л төлж дуусгажээ. Мөн надтай уулзахынхаа өмнөх өдөр дэлгүүрт ажиллаж, цалин тааруухан өгсөн учраас хэдэн ширхэг хувцас хулгайлсныгаа Монгол руу явуулж, зарах гэж байгаагаа тухайгаа өгүүлсэн.
Харанхуй нүх&Диваажин
Ам.долларын лиртэй харьцах ханш өдөр бүр өсөж байгаа тул ажлын олдоц улам бүр багасаж, цалингийн хэмжээ ч буурчээ. Сүүлийн гурван сар нэг ч амралтгүй ажилласан гэх Х ийн ярьсан юм.
-Туркэд ирээд анх ямар сэтгэгдэл төрж байв?
-Хөдөө ирчихсэн юм шиг санагдсан. Эхний хоёр, гурван сар бол харанхуй, таггүй нүх рүү уначихсан мэт байсан. Тэнэмэл муур, нохой ихтэй, байшингууд нь нүдэн дээр тулж харагдаад л, ерөөсөө таалагдаагүй.
-Ирсэндээ харамсаж байв уу?
-Эхэндээ их харамссан. Монголд хүнд хүчир ажил хийж үзээгүй учраас ууц нуруугаар хатгаж өвдөөд, алхахад ч хүндрэлтэй болж байсан. Ажлаасаа ирээд гутлаад тайлаад л гадуур хувцастайгаа үхсэн юм шиг унтдаг байсан өдөр олон бий.
 -Гэрийнхэндээ энэ тухайгаа хэлсэн үү?
-Нөхөртөө л хэлсэн. Өөр хэнд ч хэлээгүй. Сайн дурандаа ирчихээд хэндээ ч хэлэх билээ.
-Монголдоо ажиллаж, амьдрах тийм хэцүү байсан юм уу?
-Би Монголд боломжийн амьдардаг байсан. Зуучилдаг хүмүүс диваажинд аваачих гэж байгаа юм шиг ярьдаг. Тэд ашиг хонжоо олохын тулд хүний сэтгэхүйгээр тоглодог. Хүн өндөр цалин сонсоод, явъя л гэж боддог юм билээ.
-Бэлгийн хүчирхийлэл их байдаг тухай сонссон. Танд тиймэрхүү зүйл тохиолдож байсан уу?
-Цалин өгөхгүй, эсвэл ажил дээр дарга “оролдох” тохиолдол нэг биш удаа гарсан.
-Гурван жилийн өмнөх Турк явч байсан цаг үедээ эргээд очвол наашаа ирэх байсан уу?
-Хэзээ ч үгүй.
-Одоо Турк явахаар шийдэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эхлээд “Юуны төлөө ирэх гэж байгаа вэ” гэж асуумаар байна. Хэрэв мөнгө хураах гэж байгаа бол ирэх хэрэггүй. Зүгээр сайхан орчинд амьдаръя гэж бодож байвал ирээрэй.
-Удахгүй Монгол явна гэж байсан. Очоод юу хийх вэ?
-Үнэнийг хэлэхэд надад хураасан мөнгө, төлөвлөсөн зүйл алга. Олсон хэдээ нөхөр, хүүхдүүд рүүгээ явуулаад дууссан.
-Энд ирснээр таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Нэг их өөрчлөгдсөн зүйл алга. Харин би өөрөө их зүйл сурлаа. Амьдралыг энд мэдэрсэн. Хаана ч, хэнд ч ажлаар гологдохооргүй боллоо.
-Таны хамгийн том зорилго юу вэ?
-Гурван хүүхдээ сайн боловсролтой болгох. Намайг байхад юу ч хийдэггүй байсан хүүхдүүд маань одоо бүх зүйлээ бие даан хийдэг болж. Гэрийн ажлын хуваарь хүртэл гаргачихсан байна лээ. Шалаа угаадгаа хүү маань гэрийнхээ “Хоккейчин” гээд нэрлэчихсэн байсан.
-Сард дунджаар хэдэн төгрөгийн цалин авч байна вэ?
-Барагцаагаар 1.3 сая төгрөг. Нэг биш хэд хэдэн ажил хийж байж шүү дээ. Байрны түрээс, ус, цахилгаан, автобус унаа эндээс гарна. Одоо би өмнөхөө бодвол байр сууриа олсон, хэлээ мэддэг болсон учраас бэрхшээл харьцангуй бага. Би хийж л чадвал хүссэн цалингаа авч чадна. Турк өртөг өндөртэй. Нэг өрөө байрны түрээс хамгийн багадаа 1200 лир. Барьцаа мөн энэ дайны мөнгө төлнө, зуучлалын хөлс бас ийм үнэтэй. Тийм болохоор байраа хүнтэй хамт түрээслэнэ. Нэг лир 500 орчим төгрөгтэй тэнцдэг.
-Истанбулаар аялсан уу?
-Үгүй. Нэг л удаа ойрхон хот руу явж байсан. Энд байдаг монгол караоке ч орж үзээгүй.
Үр хүүхдээ боловсролтой, хэнээс ч дутаахгүй амьдруулах хүсэлтэй нэгэн эх шар өдөр, бор хоногуудыг зөвхөн ажиллахын төлөөнөө л төрсөн мэт өнгөрүүлж байна. Таньдаг, танилцсан гурван эмэгтэйн түүхээр Туркэд ажилладаг монголчуудынхаа амьдралыг дүрслэхийг хичээлээ. Хэрэв танд энэ бүхэн хэтэрхий хар бараан санагдвал өршөөгөөрэй. Хараар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст гэрэл гэгээ хомсхон аж. Гэвч сүүдэр байгаа газар ямагт гэрэл бий. Туркэд Монголынхоо нэрийг гарган амжилттай суралцаж, дэлхийн хэмжээний боловсрол эзэмшин, нэр хүндтэй байгууллагад ажилладаг залуучууд ч цөөнгүй байна.
Олон зуун жилийн дайн дажин, хагарал, зөрчил, хуучин, шинийн төлөөх тэмцэл нь Туркийг, ялангуяа Истанбулыг нэг тийм нүүгэлтсэн дүнсгэр, саарал хот болгосон гэлтэй. Буцах замд онгоцон дотроос Истанбул Цагаан сарын тавган дээрх өнгө өнгийн цаастай чихэр шиг харагдсан. Энэ олон өнгийн гэрэл шиг энд олон өнгөтэй амьдрал буцалж буй. Дүнсгэр шаналан ч, нүд гялбам жаргал ч бий. Орхан Памук шиг, эсвэл турк хүмүүс шиг энд байгаа монголчууд энэ улс, хотын төлөө шаналдаггүй ч, орхиод ирсэн гэр бүл, төрсөн нутаг орон, утаандаа униартах Улаанбаатар, өөрийн бүхний төлөө өдөр бүхэн гуньдаг. Амьдрал, ахуйгаа сайжруулахын төлөөнөө хэдэн монгол гэр бүл салж, хэдэн хүн харийн хүний энгэрийг дэрлэн хэвтэж, бас хэд нь маргаашийн ажилдаа санаа зовон, хэд нь халуун дулаан гэр бүл, эцэг эх, үр хүүхдээ санан, нулимс дуслуулан дэрээ норгон нойр нь хулжаа бол...
Истанбулыг би санахгүй ээ. Харин эгчийгээ өдөр бүр санана.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com