CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Дэлхийд зартай кино наадмууд

04-16-2019 14:49

Дэлгэцэнд гарч буй кино бүрийн ард өөр өөр санаа, зорилт, бодлого, хүсэл байдгаас үл хамааран дэлхийн улс орнуудад  зохиогдож буй наадмууд нэг л чиг өөд, өөрөөр хэлбэл олон улсын зах зээлд гарахад нь тусалж байдаг нь хэнд ч нууц биш. Кино наадмуудыг зохион байгуулах эрхийг 1977 оноос хойш олгож буй Олон улсын кино продюсеруудын ассоциаци (FIAPF) 50 гаруй кино наадам бий  хэмээн барагцаалсан бол Холливудийн “Variety”, Британийн “Screen International”  сэтгүүлд нийтэлснээр өнөөдөр дэлхий даяар 900 гаруй кино наадам зохиогддог гэнэ. Дуугүй, шинэ, эротик, “ногоон”, хүний эрхийн төлөөх, шашны сэдэвт, феминист, баримтат, зөгнөлт, аймшгийн, адал явдлын, андерграунд, инээдмийн, гар утсаар авсан гээд төрөл бүрийн чиглэлийн, Роттердам, Берлин, Юта зэрэг олон хотод кино наадам болж байна. Хамгийн нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн, онцлог наадмуудад Канн, Венец, Берлин, Торонтогийн кино наадам, андеграунд киноны “Санденс”  фестиваль зүй ёсоор багтана. Албан ба албан бус эрэмбээр шилдэгт багтах, онцолж болох таван наадмын тухай мэдээллийг уншигч танд хүргэе.
Канн
Жил бүрийн тавдугаар сарын дундуур, 12 өдрийн турш үргэлжлэх Каннын кино наадам анх 1939 оны есдүгээр сарын 1 буюу дэлхийн II дайн эхэлсэн өдөр зохион байгуулагдаж байсан ч албан ёсоор төрсөн өдрийг нь 1946-ны есдүгээр сарын 20 хэмээн тооцдог. Алтан дал модны төлөөх өрсөлдөөнийг хүссэнээ борлуулж болох кино зах хэмээн шүүмжлэх нь бий ч нэр хүнд, хүрэлцэн ирэх зочид, далайц, хамрах хүрээгээрээ дэлхийн кино урлагийн аварга шалгаруулах тэмцээн. Наадамд толилуулж буй бүтээлүүдийг тасалбараар үзэж болохгүй цорын ганц наадам бол Канн. Өөрөөр хэлбэл, наадам нийтийнх бус, гагцхүү сонгогдсон хүрээнийхний, цөөнхийн арга хэмжээ. Каннын кино наадмыг сурвалжлэх хэвлэл, мэдээллийн ажилтнуудын тоо зөвхөн Олимпийн наадмын л дараа орно. Каннын уур амьсгал “хөрөнгөтөн” шинжтэй, эрвээхий зангиа, ёслолын хүрэм, Люмьер танхимын улаан шат, хивс,  гэрэл зургийн аппаратны гялбаа бол байх ёстой “хөтөлбөр”. Мөн дуулиан тарьж буй бүтээлүүдийг үзэх, өөрсдийгөө сурталчлах, киногоо олонд хүргэх зорилготой уран бүтээлчдийн уулзах газар нь уг наадам. Барууны хэвлэлүүдийн тооцоолсноор, хамгийн нэр хүндтэй найруулагч, продюсер, уран бүтээлчдийг цуглуулдаг наадам нь Канн аж.
Мэдээж, Каннын кино наадам Францын кино урлагийн ашиг сонирхлыг бусдаас арай дээгүүрт тавина. Наадмын уралдааны хөтөлбөрт багтсан кинонуудын дийлэнхэд “франц мөнгө” зарцуулагдсан байхыг төвөггүйхэн ажиглаж болно. Гэвч кино урлагийн шинэ чиг хандлагыг тогтоох үндсэн зорилгод эл үзэгдэл  нөлөөлдөггүй. Ямар кино гаргах, алийг нь гаргахгүй байхыг наадмын удирдлага Жиле Жакобе, Тьерри Фремо нар шийдэх бөгөөд тэдний удирдлага дор ажилладаг хэдэн арван шилдэг мэргэжилтэн ажилладаг. Сүүлийн жилүүдэд кино урлагийг доргиох шинэ чиг хандлага ажиглахаа бараг больсон хэмээн мэдэгдсэн Тьерри Фремо цочрол өгөхүйц, өдөөн хатгасан бүтээлүүдэд анхаарлаа хандуулж байна. Тиймдээ ч зарим үзэгч кинотеатраас дуу алдан гүйн гарахад хүргэсэн бүтээлүүд Каннын хөтөлбөрт урьдныхаас олноор багтаж буй.

Берлин
Берлиналь буюу Берлиний кино наадам хоёрдугаар сарын эхээр 11 өдөр үргэлжилдэг, гол шагнал нь Алтан баавгай. 1951 онд их Британи, Франц, АНУ-ын офицерууд Баруун Германд анх зохион байгуулсан уг наадам мэргэжлийн уран бүтээлчид болон энгийн үзэгчдийн аль алинд зориулагдсан. Наадмын үеэр кино гаргадаг танхимууд пиг дүүрч, тасалбар худалдах кассанд урт дараалал үүсэх нь энгийн үзэгдэл. Каннын кино наадмын хувьд урлаг тэргүүн байранд тавигддаг бол Берлинд улс төр ба нийгмийн сэдэв илүү анхаарал хандуулдаг. Хамгийн флегматик хэмээн шүүмжлүүлдэг Берлиналь хэзээ ч, хэнтэй андуурахын аргагүй өөрийн гэсэн өнгө төрх, үзэгчтэйгээрээ онцлог. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Берлиналийн “хаан” Мориц де Хадельн албан тушаалаас буусны дараа түүний залгамжлагч Дитер Коссликаас илүү дорвитой, уран бүтээлч өөрчлөлт хүлээсэн ч талаар өнгөрч, мөнөөх наадмын уур амьсгал мөнөөх л улс төржсөн хэвээр үлдсэн билээ. Гэлээ ч, үндсэн “хоол”-ыг амттан, хачираар чимэглэхийн үлгэрээр бэлгийн цөөнхийн эрх ашгийг хөндсөн зэрэг өвөрмөц шийдэлтэй кинонуудыг уг наадмын үеэр “амтархаж” болно. Улс орнуудын залуу уран бүтээлчид, шүүмжлэгчдэд зориулсан энэхүү уралдааны зорилго кино зах зээлд шинэ орон зайг бий болгохоор зорьсных, нөгөө талаас герман кино, найруулагч, продюсеруудыг дэмжих бодлого хэмээн  үзэх нь бий.
Каннаас ялгарах онцлог нь фестивалийн хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрийн  уран бүтээлчдийг  оролцуулахыг хүсдэг нь тус наадмын геополитикч шинж чанар юм.

Венец
2010 оноос хойш есдүгээр сарын 1-11-ний хооронд зохиогддог болсон Венецийн кино наадам хамгийн “ахмад” фестивалиудын нэг. 1932 оноос хойш зохиогдсон наадмын гол шагнал Алтан арсланг Лукино Висконти хамгийн олон буюу таван удаа хүртсэн юм. Фестивалийн хөтөлбөрт хамрагдсан өглөөний үзвэрүүд ихэвчлэн мэргэжлийнхэнд зориулагдсан байдаг ч оройны үзвэрүүдийг дунджаар 10 еврогийн  үнээр энгийн иргэд үзэж болно. Канн шиг оддын бус энгийн, тайван уур амьсгалд сайхан бүтээлүүдтэй танилцах боломжийг Венецийн наадам олгодгоороо онцлог. Венецээс холгүй орших Лидод болдог энэ наадмыг киночид төдийгүй жуулчид зорин очдог. Муссолинигийн таалдаг байсан энэ фестиваль Берлинийхээс илүү улс төржсөн хэмээн шүүмжилж, Лени Рифеншталийн хоёр ч бүтээл тус наадмын гол шагнал хүртсэнээр жишээ татагч олон. 1979 оноос Венецийн кино наадам “дахин төрж”, Францынхтай өрсөлдөх зорилгыг өмнөө тавьсан гэдэг. Берлиний кино наадмыг герман, Канныхыг франц хүн удирдаж байхад Венецийн кино наадмыг герман, швейцарь хүмүүс даргалаад амжсан. Нөгөө талаас Венецийн кино наадмын удирдлага алдаа гаргасан даруйд суудлаас нь авах хэмжээний хатуу шийтгэл хүлээдэг халгаатай албан тушаал. Тиймдээ ч сүүлийн 15 жилийн хугацаанд Жилло Понтекорво, Альберто Барбера, Мориц де Хадельн нар тус фестивалийн удирдлагаар ажиллаж байлаа. Олон дарга сольсны нөлөөгөөр, Венецийн наадам Холливудийн блокбастерууд, хараат бус кинонд бооцоо тавьж байсан ч үе бий.

Санденс
Нэгдүгээр сарын сүүлчээр 11 хоног үргэлжилдэг Санденс кино наадам бол Америкийн андерграунд киноны толь билээ. Америкт болдог хамгийн нэр хүндтэй наадмын нэг Санденсыг жүжигчин Роберт Редфорд 1981 онд санаачилсан бөгөөд “Холливудийн бус” тодотголт бүтээлүүдийг толилуулдагаараа онцлог.  Андерграунд кино хувийн брэнд болж буй чиг хандлага  уг наадмын үеэр тод ажиглагдана. Хараат бус бүтээлүүдийг олон улсын зах зээлд гаргах, аз таарвал олон саяын гэрээ хийж чадах, эс бөгөөс нийтээр үзэж заншсан кинонуудаас түр холдох боломжийг олгодог хэмээн найруулагч Жим Жармун нэгэнтээ Санденсыг дүгнэжээ.

Бээжингийн олон улсын кино наадам
Өдгөө ес дэх жилийнхээ нүүрийг үзэж буй Бээжингийн олон улсын кино наадам энэ зах зээл дэх харьцангуй “залуу” тоглогч. Жил бүрийн дөрөвдүгээр сарын дундуур БНХАУ-ын нийслэлд орчин цагийн кино урлагийн алдартай уран бүтээлчдээс эхлэн шинэ залуу найруулагчдыг танилцуулдаг, олон улсад нээлтээ хийсэн бүтээлүүдээс гадна үндэсний кинонуудаа толилуулдагаараа онцлог. Дээд шагнал буюу “Тэнгэрийн сүм” цомын төлөө уралдаант хэсэгт багтсан бүтээлүүд өрсөлдөхийн зэрэгцээ онцлох орон, үндэсний кино, олон улсын форум хэлэлцүүлэг зэрэг олон арга хэмжээг нэг дор нэгтгэдэг, далайцтай наадам болон өргөжсөөр байна.
Кино зах зээлийн эргэлт, далайц, уран бүтээлийн хэв маягаараа өөрийн гэсэн онцлогийг бүтээсэн Хятадын кино урлагийн онцлогийг мэдрэхийн зэрэгцээ арилжааны болоод чөлөөт киноны онцлог бүтээлүүдийг үзэх боломжийг олгодгоороо Бээжингийн кино наадам онцлог. Эх газар, Хонгконг, Тайванийн зах зээлийг нэгтгэсэн Хятадын кино урлагийн хамгийн том, гол наадам гэж болох энд Холливудын алдартнаас эхлээд олон урсгал, чиглэлийн төлөөлөгчдийг нэг дор харж болно. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com