CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

ДААТГАЛГҮЙ ИРЭЭДҮЙГ ЭРСДЭЛГҮЙ ТУУЛАХ БОЛОМЖ

09-27-2020 11:11

МҮХАҮТ-ын “Цар тахлын дараах бизнесийн орчин: Боломж ба сорилт” сэдэвт нийтлэлийн уралдаанд зориулав

Хэлж ирээгүй тахлын сүүдэрт хийсчихэлгүй үлдэхээр чармайж байгаа бизнесийн салбарынхныг бодохоор хүрэл зүрх хайлна. Дэлхий нийт цар тахлын шоконд орохтой зэрэгцэн үйлдвэрлэл үйлчилгээний олон салбар  гэнэт зогтуссан билээ. Хурдтай урагшилж байсан аварга биетүүдийн зарим нь гэнэтийн тоормозонд массаа дийлэхгүй шууд унаж, уналт нь үхлээр төгсөж байхад нөгөө хэсэг нь уналтаа удаашруулах гэж чармайн, чиглэлээ өөрчлөх зэргээр оролдож, харин нэг хэсэг нь эмнэлгийн орон дээр гэмтэл бэртлээ тоочиж, сэхээн амьдруулахад төрийн сүлдэндээ залбиран хэвтэж байна. 

Дэлхий нийтийг хамарсан өвчин тахал, осол гамшиг гэхчилэн гэнэтийн өөрчлөлтүүд нь хүн төрөлхтөнийг амьдралын шинэ хэв маягтай болгож байгаа ч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Харин бизнесийн салбарын стратегичид шинэ гарц, боломжийг уйгагүй хайж, судалгаанд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсаны дүнд шинэ үеийн бизнес нь үйлдвэрлэлээс үйлчилгээ рүү илүү хэлбийх бөгөөд технологид түшиглэсэн цахим хэлбэртэй байна гэсэн урьдач дүгнэлт гаргажээ. Үнэхээр ч цар тахлын үеэр кино үйлдвэрлэгчид сул зогсож, кинотеатрууд үүдээ барьсан ч кино үзэлт урьд өмнө түүхэндээ байгаагаагүйгээр нэмэгдсэн бөгөөд үүнээс хожигсод нь онлайн кино, тоглоомын сайтууд байв. Мөн хүргэлтийн үйлчилгээ, цахим дэлгүүрийн олз ашиг мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Эдгээр нь цаашдаа удам өргөжиж ирээдүйн амьдралын хэлбэр болох нь ч тодорхой харагдав. Ганц жишээ дурдахад зөвхөн энэ жилийн 1-7-р сарын хугацаанд л гэхэд Хятадад онлайнаар нийт 6 078 500 000 000 юаний бараа бүтээгдэхүүн борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хятадын энэ салбарын өсөлт 2013 оноос хойш тогтмол нэмэгдсээр сүүлийн жилүүдэд тэдний өмнө гишгэх улс орон гарсангүй. 2020 онд 50 тэрбум хүргэлт тоологдож. Өнгөрөгч онд тус улсын түргэн хүргэлтийн орлого 700 тэрбумыг давж байв. 

Далай шиг энэ уудам зах зээлтэй хаяа залгаа манай улс үйлдвэрлэлээ больё гэхэд үйлчилгээг нь дагалдан хөгжүүлж зуучлах эдийн засгийн хөгжлийн шинэ гарц хайж болмоор. Дэлхий нийтийн эдийн засгийн хямралыг ажиглахад манайх шиг үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нь төдийлөн хөгжөөгүй, ашигт малтмал, түүхий эд ханган нийлүүлэгч улсуудын хувьд илүү хүндхэн тусах нь машид тодорхой бөгөөд хөдөлмөрийн зах зээлээ аварч үлдэхийн тулд хөрвөх чадвар, шинэ нөхцөл боломжийг эрэлхийлэх нь эн тэргүүний зорилт болоод байна. Гэтэл тархи зүрх нь тасралтгүй ажиллаж байх ёстой Засгийн газар нь бэлэн мөнгө тарааж, сонгуульдаж, бизнесийн салбарынхан дотуур цус алдаж, МҮХАҮТ гэх ганц байгууллага л нойргүй хонож байх жишээний.  Эдгээрийг үл дурдан, хямдралын энэ цаг үед Хятад улсад ажиллаж амьдарч байгаагийн хувьд тэдний эдийн засгаа аврах чиглэлээр хийж буй зарим онцлог арга хэлбэрүүдээс танилцуулахыг зорилоо. Авах хүнд алт нь биш арга нь сонин байх болов уу гэж мунхаглав. 

Хятад улс цар тахлын дараах бизнес эрхлэлтийг дэмжихэд зориулж 120 тэрбум ам.долларын нэмэлт төсөв баталсан нь энэ салбарынхныг эрхбиш уужуу амьсгаа авахуулаад байгаа юм. Японы 1,1 их наяд, Америкийн 350 тэрбум доллартай харьцуулахад бага ч, төрийн дэмжлэгт дулдуйдаж том жижиг асуудлаа саадгүй зохицуулдаг хятадын эдийн засгийн хөдөлгөгч хүч болох томоохон бизнесүүдэд энэ бол чамлахааргүй тоо. Мөнгөний хувьд ийм. Харин бодлогын хувьд төр болоод хувийн хэвшил нь эгээ л социализмынхаа уриа шиг нэгдмэл хүчээр уухайлан зүтгэж байгаа нь хүнд цаг үеийг хөнгөнөө байг гэхэд хүнд гарз багатай туулах найдварыг төрүүлж байгаа юм. Хятадын сангийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад 8-р сард Хятадын орон нутгийн засаг захиргааны бондод 199.7 тэрбум юань гаргасан нь 7-р сараас 927.5 тэрбум юаниар өсч, 5-р сараас хойш 1 их наяд юанийг давсан анхны тохиолдол болов. Сангийн яамнаас мөн 10-р сарын сүүлчээр шинэ тусгай бонд гаргахыг шавдуулж байгаагаас харахад 9-р сард тусгай бондын цар хүрээ томорсон хэвээр тул хөрөнгийн хүртээмж хурдацтай явагджээ.  

Хятад улс цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, дотоодын зах зээлийг сэргээх бодлогын арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байгаа юм. Дээр дурдсан Засгийн газрын болон орон нутгийн бонд гаргахаас гадна хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх, мөнгөний уян хатан бодлого хэрэгжүүлэх, тусгайлсан зээлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулж, үйлдвэрлэлийн зээл олгох, гадаадын компаниудыг хөнгөлөлтийн бодлогоор дэмжиж зэрэг арга хэмжээг шат дараалан авч байна.

Хятадын эдийн засгийн мэргэжилтнүүД энэхүү арга хэмжээг үр дүнтэй болно гэдэгт бат итгэлтэй байгаагийнхаа үндэслэлийг Хятадын дотоодын хэрэглээний зах зээл, үйлдвэрлэлийн хүчин чадалтайгаа холбон тайлбарлаж байгаа билээ. Тус улсын эдийн засгийн 2020 оны сүүлийн гурван улирлын үзүүлэлт 2019 оны мөн үеийн өсөлтийн түвшинд байвал 2020 оны жилийн өсөлт 3-3.5 хувь байх болно. Гэхдээ энэ таамаглал нь ажил эрхлэлт хэвийн байх нөхцөлд суурилж байгааг анхаарах хэрэгтэй. Хятад улс макро эдийн засгийн бодлогоос илүүтэйгээр хөдөлмөрийн зах зээлийн хэвийн харьцлыг хангах гэж чармайж байгаа юм. Хямралаас болж ажлаа алдаж байгаа иргэдийг бусад салбарт хөрвүүлэн шингээх, шинэ ажлын байр гаргах талаар онцгойлон анхаарч байгаа нь хөдөлмөр алдалттай холбоотой нийгмийн хямрал үүсгэхгүйн төлөө. Тухайлбал, цар тахлын ид дэгдэлтийн үед бүрэн зогсолтод орсон нийтийн хоолны салбарын ажилчдыг хүнсний сүлжээ их дэлгүүрийн хүргэлт, бэлтгэлийн ажилд нэмэлт хүч болгон дайчлах зэргээр хөдөлмөрийн хуваарилалт хийж байв. Хөл хорионы онЦ байдал зарлагдсан тухайн үед хүнсний сүлжээ их дэлгүүрүүдийн ачаалал хэт ихэссэн билээ. 

Олон улсын валютын сангийн урьдчилсан прогнозоор 2020 онд дэлхийн эдийн засаг гурван хувиар буурах бол БНХАУ-ын эдийн засаг 1,2 хувиар өсөж, 2021 онд Хятадын эдийн засаг 9.2 хувийн өсөлттэй байна гэжээ. Гэхдээ энэ таамаглалыг дэвшүүлэхдээ 2020 оны сүүлийн хагаст цар тахлыг бүрэн хяналтдаа оруулсан тохиолдолд биелэгдэнэ гэдгийг онцолсон байна.

“Ковид-19”-ын үеэр бусад улсууд БНХАУ-аас хөрөнгө оруулалтаа татаж үйлдвэрлэлээ нүүлгэх үзэгдэл байгаа ч энэ нь тэдэнд ихээхэн эрсдэлтэй бөгөөд тухайн үйлдвэрлэлийн салбарт Хятадыг харьцуулах хэмжээний том зах зээл, таатай хэрэглэгч олоход нэн бэрх гэдэг нь ойлгомжтой билээ. Цар тахал хэдий хугацаанд үргэлжлэхийг таах арга алга. Ийм үед Хятад улс үйлдвэрлэлээ түргэн сэргээж, өвчнийг хазаарлаж чадсан нь мөн худалдаа үйлчилгээний таатай хөрс болж чадсан. Нэг үгээр хэлэхэд Хятадууд тус өвчнийг хэдийнэ танилцаад, энэ нөхцөлд ажиллаж амьдраад сурчихлаа. Дэлхий нийт үйлчилгээний бизнес рүү хошуурч байгаа энэ цаг үед үйлдвэрлэлийн хамгийн том бааз болох Хятад улс хэрэглээний зах зээлд хүндтэй хэвээр байх нь дамшиггүй л болов уу.  

“Цар тахлын нөлөөллөөс үүссэн олон тодорхойгүй хүчин зүйлс дунд тодорхой харагдаж буй нэг зүйл бол БНХАУ, АНУ-ын хоорондох зөрчил өрсөлдөөн юм. Энэхүү зөрчил нь дэлхийн улс орнуудын улс төр, эдийн засгийн бодлогод илүү их сорилтыг авчрахаар байна. Ардчиллын жишиг болсон АНУ, Баруун Европын улсууд “Ковид-19” тархаж эхлэх үед гаргасан хандлага, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, арьс өнгөөр ялгаварлах үзэл нь тэдний эрхэмлэн тунхагладаг үнэт зүйлтэй харшилж байсан бол нөгөө талд Азийн улс орнууд халдварын тархалтын үеэр нийтийн эрх ашгийг хүндэтгэх үзэл, соёл ёс суртахуун, сахилга батаараа ялгарч бодлого арга хэмжээ нь үр дүнтэй байлаа. “Ковид-19” гарахын өмнө Хятадын зарим судлаачид, барууны улсуудад олон зуун жил байсан технологийн давуу тал, эдийн засаг хөгжлийн чадамж Ази тив рүү шилжих үйл явц явагдаж “Азийн эрин” ирж байгаа талаар санал бодол байр сууриа илэрхийлж байв. Харин “Ковид-19”-тэй холбоотой гарсан арьс өнгөний үзэл нь зөвхөн Хятад хүмүүс гэлтгүй нийт ази хүмүүст чиглэсэн хандлагатай байсан нь Азийн улс үндэстнүүдийн сэтгэл зүйд барууны орнуудад итгэх итгэлд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлсөн ба ардчиллын зөөлөн хүчинд халтай энэхүү үйл явдал нэг талаараа Азид өөрийн онцлогоор хөгжиж буй БНХАУ-д ашигтай байж ч болох юм” хэмээн Монгол улсын ШУА-ын Олон улсын харилцааны хүрээлэнгээс гаргасан “Ковид-19: Олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага” тайланд дурджээ. 

Цаашид “Ковид-19” глобалчлалд сөргөөр нөлөөлж, дэлхийн олон улс дотооддоо үйлдвэрлэлээ татах хандлагатай байгааг “Гадаад харилцаа ба олон улс улсын тинк танк байгууллага”-ын (Charhar Institute) судлаач Ван Чун (王冲) анхааруулж байна. Энэ тохиолдолд Монгол улс яах вэ, юу хийх ёстой вэ гэдгийг бодож тунгааж, төлөвлөж төсөвлөж байх ёстой цаг үед МҮХАҮТ энэхүү нийтлэлийн уралдааныг зарлаж сэтгүүлчдийн мэдээллийг нэгтгэн дүгнэх оролдлого хийж байгаа нь талархууштай. Дэлхий нийт даяаршлаас дангааршил руу буцах үйл явцыг Ковид-19 хэмээх энэхүү цар тахал улам хурдасгаж байгаа нь булзашгүй үнэн билээ. 

Б.Занданхүү 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр