Дашингаас Шюнь Ан хүрэх төмөр замын ашиглалтын өмнөх туршилт болов
09-17-2020 11:01

Энэ сарын 16-ны 13:05 цагт Бээжин хотын Дашин олон улсын нисэх буудлаас Хэбэй мужийн Шюнь Ан хүрэх хот хоорондын Жинг-Шюнь шинэ хурдны замын чанарыг шалгахаар 55001-р тусгай зориулалтын галт тэргийг туршин аялуулжээ. Шинээр байгуулсан Жинг-Шюнь хурдны замаар аялах тусгай зориулалтын галт тэрэг Бээжин хотын Дашин олон улсын исэх онгоцны буудлаас гарч Дашин дүүрэг, Хэбэй мужийн Ланфан хотын Гуанян дүүрэг, Гүань дүүрэг, Юүнчин шянь болон Бажөү хотыг дайран Бээжингийн шинэ дагуул хот Шюнь Анд хүрэх юм. Хос чиглэлд зорчих хурдны замын нийт урт нь 60,65 километр ажээ. Замын шалгалтын үеэр тус замд зорчих стандарт хурд болох 350km/h-ыг турших юм байна.
Хятадын нийслэл Бээжингийн ачааллыг бууруулахаар Хэбэй мужид Шюнь Ан бүсийг шинээр хөгжүүлж байгаа билээ. 4-р сарын 22-ноос Бээжин-Шюнь Аныг төмөр замаар холбох ажил эхэлжээ. Шюнь Ан өртөөний барилгын талбай нь 150000 хавтгай дөрвөлжин метр бол нийт талбай нь 475200 хавтгай дөрвөлжин метр юм. 9-р сарын дунд үе хүртэл төсөлд хамрагдан байгуулагдсан төмөр зам, өртөө болон дагалдах байгууламжийг туршин ажиллуулна гэж байсан бөгөөд энэ нь товлосон цагтаа биелэгдэж байгаа юм. Оны сүүлчээр бүх барилга ашиглалтад бэлэн болно.
2017 оны дөрөвдүгээр сард Хятад улс нийслэл Бээжин хотынхоо ачааллыг бууруулах зорилгоор Хэбэй мужийн Шюнь Аныг шинэ дагуул хот болгон хөгжүүлэхээр болжээ. Шюнь Ан нь Бээжин, Тяньжин, Баодин хотын дунд байрлах газарзүйн давуу талтай хөгжүүлэлтийн чиглэл юм.


