CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Гашуунсухайт боомтоор нүүрс экспортолж эхэлжээ

03-24-2020 10:23

МУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу, Зам, Тээврийн Хөгжлийн Яам, Автотээврийн Үндэсний Төв, Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар, Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, автотээвэр эрхлэгч компаниуд хамтран, 3-р сарын 23-нээс Гашуунсухайт боомтоор Хятад улс руу нүүрс экспортолж эхэллээ.

 

МУ-ын Засгийн газрын шадар сайд Ө.Энхтүвшин, Зам, Тээврийн Хөгжлийн Яамны сайд Б.Энх-Амгалан, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг мөн өдөр Гашуунсухайт боомтод ажиллажээ. 

 Одоогийн байдлаар, МУ-ын 17 аж ахуйн нэгжийн 166 автомашин нүүрс тээвэрлэлт хийх хүсэлт гаргаад байгаа бөгөөд зөвхөн 23-ны өдрийн 9 цагаас 13 цагийн хооронд гэхэд нүүрс ачсан 10 автомашин Хятад улсын хилээр нэвтэрсэн аж. Тус боомтоор нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, жолооч нар халдвар хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

 

Шинэ коронавирусийн халдвар дэлгэрч, МУ-ын Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор тус боомтоор нүүрс экспортлох ажил 2 сар түр зогсоод байсан юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ