CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, МУ дахь ХЦИН болон Хятадын харьяат нар МУ-ын УЗН-т хандив өргөв

03-19-2020 17:08

Шинэ коронавирусийн эсрэг МУ-ын Засгийн газар, ард түмний хийж буй ажлыг дэмжиж, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, МУ дахь Хятадын Цагаач Иргэдийн Нийгэмлэг болон МУ дахь 82 өрх цагаач иргэдээс МУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгт хандив өргөх арга хэмжээ 3-р сарын 19-нд МУ-ын ГХЯ-нд болж, Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй, Элчин зөвлөх Ян Чиндүн, Улс төрийн зөвлөх Ли Яньжюнь зэрэг дипломат албаны хүмүүс, Монголын талаас МУ-ын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, МУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөний нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцжээ.

Хятадын төр засаг, ард түмний зүгээс шинэ коронавирусийн эсрэг МУ-ын төр засаг, ард түмний хийж буй ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад МУ-ын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар юуны өмнө МУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, ёстой хүн чанарыг шалгасан маш амаргүй сорилтын ард бид гарч байна. Өчигдрийн авсан мэдээгээр, БНХАУ-д халдвар авсан нэг ч хүн нэмж бүртгэгдээгүйг энд онцолж хэлмээр байна. Үүнээс гадна, БНХАУ-д шинэ коронавирусийн судалгаа шинжилгээ маш идэвхтэй явагдаж байна. Өөрөөр хэлбэл БНХАУ энэ асуудалд маш хариуцлагатай хандаж, энэ бол ялж болдог өвчин гэдгийг Олон улсын хамтын нийгэмлэгт харууллаа. БНХАУ ялж чадаж байгаа бол, бид бүгдээрээ ялж чадна. “Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэсэн ардын уламжлалт үг бий. Өвдөж байгаа хүмүүсээ гадуурхахгүй, янз бүрээр дуудахгүй, харин зовлонг нь ойлгож, сэтгэлийн дэм өгч, хүн шиг хүн гэдгээ таниулах, хэн нь хэн вэ гэдгээ харуулах цаг ирээд байна. Манай хөрш БНХАУ үнэхээр эртнээс хаяа залган оршиж ирсэн анд нөхөд гэдгээ харууллаа. Бид хамтын хүчин чармайлт ажилтанд хүрнэ гэдэгт бүрэн итгэж байна гэж тэмдэглэжээ.

Элчин сайд Цай Вэньрүй: Хятад улсад шинэ коронавирус дэгдсэний дараа, МУ-ын төр засаг, ард түмэн биднийг ойлгон дэмжиж, сэтгэлийн дэм, мөнгө төгрөгийн дэмжлэг судлалцаа үзүүлсэн, үүнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархаж, энэ ачийг хэзээ ч мартахгүй. Шинэ коронавирус бол хүн төрөлхтөнд тулгарсан нийтийн дайсан юм. Аливаа улс орон ганцаараа энэ өвчинтэй тэмцэж ялж чадахгүй гэдгийг бодит байдал харуулж байна. Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг, энэ өвчинтэй тэмцэхэд дэлхий нийтээр сэтгэл санаа нэгтэйгээр хамтран ажиллах шаардлагатай юм. МУ-ын Засгийн газар энэ өвчинтэй тэмцэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр, дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагийн ачаар, МУ-ын дотоодод халдвар авсан нэг ч тохиолдол гараагүй байгаад бид маш их баяртай байна. Мөн энэ өвчинтэй тэмцэх хүрээнд цаашид хамтран ажиллах, мөн МУ-ын төр засаг, ард түмний ачийг хариулах гэсэн үүднээс манай ЭСЯ болон дипломат ажилтнуудын зүгээс боломжийнхоо хирээр сэтгэлийн хандив өргөж байна гэлээ.

 МУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөний нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлсэн үгэндээ, өдгөө дэлхий даяар том сорилт, том аюулд тулгараад байна. Энэ том сорилт, том аюулыг Хятадын ард түмэн ялж чадлаа. Хятад улсын зохион байгуулалттай, шинжлэх ухаанч, үр дүнтэй олон талт үйл ажиллагаа нь энэхүү том сорилт, том аюулыг дарж чадна гэдгийг дэлхий дахинд харууллаа. Өнөөдөр монголчууд бид ч үүнд маш их баяртай байна гэжээ.

 

Монгол, Хятад хоёр орон бол олон мянган км-ээр хиллэдэг, эдийн засаг худалдаа, соёл урлаг зэрэг олон салбарт өргөн харилцаатай сайн хөрш. Шинэ коронавирусийн дэгдэлтийн голомт гэгдэж байсан Үхань хотоос оюутнуудаа бид татаж байсан, тэндээс ирсэн нэг ч иргэн халдвар авчраагүй. Энэ бол Монгол, Хятад хоёр орны хамтын хүчин чармайлтын үр дүн. Одоо Хятадын эрүүл мэндийн байгууллага болон Хятадын Улаан Загалмай Нийгэмлэгийнхэн Итали улсад тусалж эхэллээ. Энэ нь Хятад улсын хүрсэн ололт амжилт, хуримтлуулсан туршлагын үр өгөөжийг бусад улс орон хүлээж авч, дэмжлэг туслалцаа хүртэж байгаагийн хамгийн сайн жишээ юм. Манай байгууллага өдөр тутамд Хятадын Улаан Загалмай Нийгэмлэгтэй вичатаар байнгын хэлхээ холбоотой ажиллаж, тэдний туршлагаас суралцаж байна. Мөнхийн хөрш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ирээдүйд улам өргөжин тэлж хөгжинө гэдэгт итгэл төгс байна гэж тэрээр тэмдэглэлээ. 

Элчин сайд Цай Вэньрүй ЭСЯ болон Хятадын дипломат ажилтнуудын хандивласан 1 тэрбум 334 сая төгрөгийг МУ-ын Гадаад хэргийн сайд Д.Цогбаатарт, МУ дахь Хятадын Цагаач Иргэдийн Нийгэмлэгийн тэргүүн Бай Шуанжань тус нийгэмлэг болон 82 өрх цагаач иргэдийн хандивласан 8,000,000 төгрөг, 15,390,000 төгрөгийг МУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаад тус тус гардуулан өгсөн байна. 

Үүнээс гадна, 3-р сарын 5-нд Элчин сайд Цай Вэньрүй хувиасаа МУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгт 1000 ам.доллар хандивлажээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ