CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжинд монгол хэлний сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр нээгдэв

01-13-2020 11:49

 Хятадын нийслэл Бээжин хот дахь цорын ганц монгол цэцэрлэг болох Нарангоогийн үүсгэн байгуулсан “Наран” цэцэрлэг хүрээгээ өргөтгөн монгол үндэстний цэцэрлэг, сургуулийн цогцолбор болж тэллээ.
20 гаруй сая ам хүн амтай Бээжин хотод албан ёсны харъяалалтай монгол үндэстний оршин суугч нийт 100 орчим мянга байдаг гэх бүрэн бүс мэдээлэл байдаг бөгөөд үр хүүхдээ монгол хэл соёлтой болгох боломж тэдэнд нэн хомс юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэсэн ганц хүн нь ӨМӨЗО-ны их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн Нарангоо билээ. Тэрбээр өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу монгол хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, хадгалан уламжлуулах зорилгоор Бээжин хотод монгол үндэстний цэцэрлэг байгуулсан нь 10 жилийн өмнөх явдал ажээ. Нарангоо их Хятадын 56 үндэстний нэг монгол үндэстний хэл соёлын өвийг хадгалан уламжлуулж, монгол үндэстний залгамж хойчийг эх хэлээрээ сургаж боловсруулахын төлөө мэргэжлийн чадварлаг боловсон хүчний багийг дайчилж гэр цэцэрлэг хичээллүүлсээр өдгөө олны нийтийн мэдэх соёлын онцлог нэгэн түүчээлэгч болсон юм. Тэдний хамт олон саяхан үйл ажиллагааны чиглэлээ өргөтгөн Бээжингийн монгол хэл соёлын цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг үүсгэн байгуулснаа өнөөдөр албан ёсоор мэдэгдэн хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-ын Боловсролын яам, Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Бээжин хотын Дашин дүүргийн боловсролын газар, Бээжингийн их сургууль, Чинхуа их сургууль, Төвийн үндэстний их сургууль, ӨМБИС, ӨМ-ийн Эдийн засгийн их сургууль, ӨМБИС-ийн Залуучуудын улс төрийн дээд сургууль, ӨМБИС-ийн Эрээн хот дахь Олон улсын салбар их сургууль, Хятадын найман муж орны монгол үндэстний Бэлтгэл сургалтын нийгэмлэг, Бага дунд боловсролын нийгэмлэг зэрэг Хятадын боловсролын холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо. Тэдний өртгөтгөн тэлсэн шинэ байгууллага болох “Наран” олон улсын боловсролын компани Бээжингийн “Жүн И Шин Шин” боловсролын корпорацитай хамтран хятад монгол хос хэлний ангийг “Бээжин Шин Шин” сургуульд нээх болсноо мөн үеэр мэдэгдэв. Тус хос хэлний ангийн элсэгчид нь хуваарьт хичээлүүдээс гадна сагсны секц, уран бичлэгийн дугуйлан, үндэстний зан үйл, чөлөөт бокс, сурын харваа, бөх, морин спорт зэрэг чиглэлээр мэргэшин суралцах боломжтой ажээ. Тус сургуулийн сургалтын гол агуулга болох үндэстний соёлын хичээлд монгол хэл, монгол дуу бүжиг, хөгжмийн зэмсэг зэргийг тусгайлан мэргэжлийн багш нар урьж заалгах юм. Шинээр байгуулагдаж байгаа сургууль цэцэрлэгийн цогцолборт Хятад дахь монгол үндэстэн болон Бээжинд ажиллаж сурч амьдарч байгаа монголчууд төдийгүй гадаадын монгол соёлыг сонирхогч хэн бүхэн элсэх нь нээлттэй юм байна. Шинэ элсэгчдийг 2020 оны 1-6-р сар хүртэл бүртгэж 9-р сараас албан ёсоор хичээлийг эхлүүлэх ажээ.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр