CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн усны нөөц нэмэгджээ

12-17-2019 12:00

Хотын усны хэрэгцээг хангах төслийн хүрээнд сүүлийн таван жилийн хугацаанд 5.2 тэрбум шоо метр ус Бээжин хотод нийлүүлсэн болохыг холбогдох албаныхан мэдэгдэж байна. Төсөл хэрэгжиж эхэлсэн 2014 оноос хойш хотын оршин суугчдын усны хэрэгцээг найдвартай хангаснаас гадна Бээжингийн усны нөөцийг амжилттай нэмэгдүүлж, ус дамжуулах шугам хоолойнуудыг шинэчилсэн гэж Усны газрын дарга Лю Гуанмин онцоллоо. 
Төслийн хүрээнд нийлүүлсэн 5.2 тэрбум шоо метр уснаас 3.5 тэрбум нь цэвэрлэх байгууламж руу явсан бол 600 сая шоо метр усыг Бээжин хотын захад байрлах зургаан усан сан руу нийлүүлжээ. Харин үлдсэн хэсгийг гол, нуур, газар доорхи ус руу нийлүүлж, усны нөөц нэмэгдүүлэхэд ашиглаж байгаа аж.
Хятадын урд хэсгээс татаж буй усны нөөцөөр шинээр ашиглалтанд орсон Дашин олон улсын нисэх онгоцны буудлын усан хангамжийг шийдээд зогсохгүй нийслэлийн газрын доорхи усны нөөцийг 1.62 тэрбум шоо метрээр нэмж чадсан гэж төслийн багийнхан мэдэгдэж байна. 1999-2014 оны хооронд Бээжингийн гадаргын усны түвшин жилд дунджаар 1 метрээр буурч байжээ. Харин төсөл хэрэгжүүлснээр 2015 оны тавдугаар сараас хойш гадаргын усны түвшин 3 метрээр нэмэгдсэн байна.
Хотын усны нөөцийг хянах төвийн орлогч захирал Ван Жунвэн: “Газрын доорхи усны түвшин нэмэгдсэнээр хотод экологийн таатай орчин бүрдэж эхэлсэн” хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн төсөл хэрэгжүүлсний ачаар Чанпин, Хуайроу, Яньчин дүүргийн хатаж ширгэсэн булагнууд энэ жил дахин урсаж эхэлсэн байна.
Хотын захын оршин суугч Жао Фэй-Янь: “Бээжинд ус муутай байхад данхны ёроолд зузаан гэгчийн шохой тунарч хуримтлагддаг байсан. Одоо усны чанар сайжирч, цайны амт ч сайхан болж байна” гэж ярилаа.
Хятадын өмнөд хэсэгт ундны усны нөөц элбэг боловч хойд хэсэгт хомс байгааг албаныхан онцлоод цаашид урдаас хойш чиглэлд ус татах үйл явцыг улам боловсронгуй болгож, усны нөөц санг орон даяар тэнцвэртэй  бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ