CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Оргил ачааллын үеэр 79 сая хүн онгоцоор зорчино

12-16-2019 14:07

Хятадын цагаан сарын баяртай холбоотойгоор зорчих хөдөлгөөн огцом ихсэх төлөвтэй байна. Ялангуяа ирэх оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 18 хүртэл зорчих хөдөлгөөн оргил цэгтээ хүрнэ гэж албаныхан тооцоолж байна. Аялал жуулчлалын оргил үе гэж хэлж болох энэ 40 хоногийн хугацаанд Хятадын иргэний агаарын тээврийн салбар гэхэд дангаараа 79 сая зорчигчийн аяллыг зохион байгуулах дүр зураг ажиглагдаж байна. Энэ нь өнгөрсөн оны аялал жуулчлалын оргил ачааллын үеэс 8.4 хувиар өссөн үзүүлэлт болохыг албаныхан мэдэгдлээ.
Оргил ачааллын 40 хоногт нийтдээ 16000 гаруй нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар оргил ачааллын үед хамаарах 9.3 сая тийз борлуулаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 13.9 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Харин нислэгүүдийг ангилж үзвэл дотоодын нислэг өнгөрсөн оны оргил ачааллын үеэс 24 хувиар ихсэх бол гадаадад зорчих нислэг жилийн өмнөхөөс 9.5 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
Хэдийгээр агаарын тээврийн зорчих хөдөлгөөн ихсэх төлөвтэй байгаа ч зарим чиглэлд буурах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Хонконг, Макао, Тайванийн чиглэлд зорчих иргэдийн тоо өмнөх оноос 18.9 хувиар буурч магадгүй байна.
Харин гадаад нислэгийн тухайд баярын амралтын оргил ачааллын үеэр АНУ, Австралийн чиглэлийн зорчих хөдөлгөөн уналтанд орох бол Япон, Тайланд, Өмнөд Солонгос руу нисэх онгоцнууд хамгийн их ачаалалтай байх ажээ. Мөн Франц руу хийх аялал хаврын баяраар нэмэгдэх хандлагатай байна.
Иргэний нисэхийн удирдах газар зорчигчдын тав тухтай байдлыг хангахын тулд агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааг сайжруулж, агаарын хөдөлгөөний хяналтын системийг илүү боловсронгуй болгохоор төлөвлөжээ. Одоогоор Хятад улсын хэмжээнд 229 нисэх онгоцны буудал үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд онгоцны буудлуудын зорчих хэсгийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, үйлчилгээг илүү хялбарчлах арга зам боловсруулж байна. Мөн найман компанийн 360 онгоцонд утасгүй интернэтийн үйлчилгээ нэвтрүүлснээр 7 сая гаруй зорчигчийн тав тухтай байдлыг хангах боломж бүрдээд байна гэж албаныхан онцоллоо. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр