CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс аварга том судалгааны хөлөг онгоц бүтээж байна

12-09-2019 13:57

 Хятад улс хамгийн дэвшилтэт технологи бүхий аварга том судалгааны хөлөг онгоц угсарч байгаа талаар тус улсын Усан онгоц үйлдвэрлэлийн корпораци мэдэгдлээ.
Нэрт хувьсгалч, төрийн зүтгэлтэн Сун Ятсений нэрэмжит усан онгоцны барилгын ажил өнгөрсөн 10-р сарын сүүлээр Шанхай хотод эхэлсэн бөгөөд хоёр жил орчим үргэлжлэх төлөвтэй байна гэж Усан онгоцны үйлдвэрийн Шинжлэх ухаан,  технологийн хорооны дарга Ху Кэ-И хэллээ. 
 Энэ хөлөг онгоц 6800 тоннын даацтай Хятадын хамгийн том судалгааны хөлөг байх болно гэж албаныхан онцолж байна. Одоогоор Хятадад үйл ажиллагаа явуулж байгаа судалгааны усан онгоцнуудаас хамгийн том нь Шандун мужийн Чиндао хотын Далайн их сургуулийн удирдлага дор байдаг 5000 тоннын даацтай “Донфанхон-3” хөлөг онгоц ажээ.
 Хятадын хамгийн том судалгааны хөлөг онгоцны бүтээн байгуулалт дууссаны дараа тус усан онгоцыг Гуандун мужийн Гуанжөү хот дахь Сун Ятсений нэрэмжит их сургуульд хүлээлгэн өгөх бөгөөд эрдэм шинжилгээний экспедиц, оюутны сургалтанд ашиглахаар төлөвлөж байна гэж албаныхан мэдэгдлээ.  Мөн орчин үеийн шинжлэх ухааны тоног төхөөрөмж, өндөр хүчин чадал бүхий серверүүдийг зөөх, ус, агаар мандал, экологийн систем, байгалийн нөөцийн талаар судалгаа хийхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж тэд онцолж байна.
 Хөдөлгүүрийн хүч, жолоодлогын технологийн хувьд энэ хөлөг онгоц Хятадад үйл ажиллагаа явуулж байгаа бусад судалгааны хөлөг онгоцноос хавь илүү байх төдийгүй дэлхийн хамгийн өндөр хүчин чадал бүхий судалгааны онгоц байх болно гэж төслийн багийн удирдлагууд мэдэгдлээ.
 Энэхүү усан онгоц түлшний хэмнэлт, хэт чимээгүй горим зэрэг технологийн дэвшлүүдийг өөртөө агуулсан бөгөөд нисдэг тэрэг ч газардуулах боломжтой  ажээ. Шинэ судалгааны хөлөг 114.3 метр урт бөгөөд нэг удаагийн аяллаараа 27 мянга гаруй км зам туулах чадвартайг албаныхан мэдэгдэж байна.  Мөн дараагийн аялалд дахин бэлтгэл хийлгүйгээр 60 хоногийн турш аялах хүчин чадалтай аж. Хятад улс одоогоор 50 гаруй судалгааны хөлөг онгоц ажиллуулдаг бөгөөд дийлэнх нь Төрийн далай тэнгисийн захиргааны удирдлага дор үйл ажиллагаа явуулж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ