CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин хотноо “Монголын соёлын өдрүүд” үргэлжилж байна

12-02-2019 14:30

 Хятад Монголын хооронд  дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд талууд хамтран “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг Бээжин хотноо зохион байгуулж байна.  Энэ арга хэмжээ арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм.
Соёлын өдрүүдийн үеэр гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, “Монголын кино өдрүүд”, үндэсний урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ арга хэмжээний нэг хэсэг болох “Монголын кино өдрүүд” БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өчигдөр буюу 12 дугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийлээ.
Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн 90 орчим киноноос Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 12 киног сонгон авч, БНХАУ-ын Соёлын яаманд хүргүүлсэн байна. Хятадын тал эдгээр бүтээлийг үзэж судлан “Алсын удирдлага”, “Итгэл”, “ТҮЦ-ний охид”, “Халуун зүрх” зэрэг кинонуудыг гаргахаар болжээ.
“Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулж буй “Монголын кино өдрүүд-2019” арга хэмжээний нээлтэд Монгол Улсын БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн хэлсэн үгэндээ: “Манай хоёр улс Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэхүү кино өдрүүдээр олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн Монгол кинонуудаар эргэн уулзаж буйдаа туйлаас баяртай байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Мөн тэрээр “Кино урлагаараа дамжуулан өөрийн улс үндэстэн, ард түмний түүх, соёл, хөгжил дэвшлийг дэлхийд таниулж, кино урлагийн хөгжилд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж чадсан арвин туршлагатай Хятад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм.
БНХАУ-ын Кино, архивын газрын дэргэдэх кино театрт зохион байгуулж буй “Монголын кино өдрүүд-2019” арга хэмжээ “ТҮЦ-ний охид” киногоор ийнхүү амжилттай эхэллээ. Өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, эрхэлж буй жижиг бизнес, тэдний өмнө тулгамддаг асуудлуудыг бүтээлчээр харуулсан “ТҮЦ-ний охид” кино нь найруулагч Д.Галбаярын бүтээл юм. Кино өдрүүд өнөөдрийн 17:00 цагт найруулагч С.Бямбын “Алсын удирдлага”, найруулагч Б.Гарамхандын “Итгэл” кинонуудаар үргэлжилнэ.
Дашрамд дурдахад, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны сайд асан П.Цагаан 2005 онд Хятадад Монголын соёлын өдрүүдийг 40 жилийн дараа амжилттай зохион байгуулж байжээ. Ингэхдээ Бээжингээс гадна Тяньжин хотод Монголын урлаг, соёлыг сурталчилсан томоохон арга хэмжээг хийсэн аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр