CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Сэцэнт эмч

11-18-2019 14:24

 

ӨМӨЗО-ны Тунляо хотод БНХАУ-ын монгол үндэстний 25.7 хувь нь оршин суудаг. Түм түжигнэсэн энэ их хотын зүүн дүүргийг эзлэн орших анагаахын хотхонд ажлынхаа завсраар аяганы амсар зуух чөлөөгүй нэгэн даруухан эрхэм борви бохисхийх завгүй ажиллаж суудаг. Энэ хүн бол Сэцэнт эмч. Уг нь дарга хүн. Бүх хятадын монгол анагаах ухааны хүрээлэн, их сургууль, эмнэлэг гэх гурван том байгууллагын дээд тушаалын хэргэм зэрэгтэй энэ хүн чухам л Монгол улсын “Туушин” компаний реклам шиг “Өглөө энд, өдөр тэнд”, хүн эмчилж, хүүхэд залуусыг сургаж, цаас бичигт тамга дарж, цагаан нөмрөгөө намируулан гүйнэ. Тэглээ гээд ядарч зүдэрч, ялархаж тунирхах нь үгүй. Өргөсөн тангарагтаа үнэнч ийм нэг эмчийг эрсэн сурсан, холоос зорьсон, хормойдож зүүгдсэн хятад, монголчууд Тунляогоор нэг хөврөх. Олон жилийн ажлын туршлага нь түүнийг судсаа барихаасаа өмнө хүний царай руу хяламхийж хараад алдалгүй нарийн оношлох идтэй болгожээ. Тэгэвч Сэцэнт эмч заавал судсыг нь тэмтэрнэ. Ганцхан судасны лугшилтаар цул эрхтэн, цус ус хийгээд хүний биеийн бүхий л гэм согогийг үүссэн шалтгаан, анагаах аргатай нь хэлнэ, зөвлөнө. Илааршсан өвчтөнүүд нь түүнийг бурханчлан шүтэж, эрдэм чадалд нь алгаа хавсарна. Тэглээ гээд ихэрхэн ярвайж, ихэмсэглэн бардана гэж даанч байхгүй дээ.
ӨМӨЗО-ны Үндэстний их сургуулийн харъяат эмнэлгийн захирлын туслах, Уламжлалт заслын эд эмчилгээний толгойлогч, ӨМҮИС-ийн магистр, докторын удирдагч, Хятад улсын нарийн шинжлэх ухааны судалгааны төрөл зүйлийг хянагч тусгай мэргэжилтэн, Өвөр монголын Улс төрийн зөвлөгөөний гишүүн, БНХАУ-ын хятад эмнэлгийн нэгдсэн товчооны Монгол анагаах ухааны соёлыг сурталчлах тусгай зөвлөх, уламжлалт заслын эрдэм шинжилгээний удирдах ажилтан, ӨМҮИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хятад улсын монгол эм эмнэлгийн сэтгүүлийн Найруулах зөвлөлийн гишүүн, Монгол анагаах ухааны эрдэм шинжилгээний нийгэмлэгийн гишүүн гээд сонгуульт ажлууд нь тасралтгүй хөвөрнө. 32 цагаан лонхыг нэг амьсгаагаар дуржигнуулдаг их авъяастан ч түүний энэ олон цол хэргэмийг нэг дор дурдаж хүчрэмгүй. Чихний үзүүрт хальт хульт наалдаж үлдсэн цөөхөн хэдийг нь тогтоож авсан минь л энэ. Харин Сэцэнт эмч эдгээр бүх албан тушаал, хэргэм цол өөрт нь огт хамааралгүй юм шиг зөвхөн өмнөх ажил, өвчтнүүдийнхээ зовиур шаналалд үйж живж ажлаа хийнэ. Хүн эмчилж байх зуураа ханцуйнаас нь чангаах оюутнуудынхаа асуултад хариулж л сууна. Хэзээ нь энэ бүх үүрэгт ажлаа бүгдийг нь амжуулж, алдаа дутагдалгүй ажиллаж, сурсаар явдгийг нь ёстой ойлгошгүй.
Хятадын Монгол судлалын нийгэмлэгийн дарга Ү Туань-Ин 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Тунляо хотын орлогч хотын дарга Хао Мүрунд “Монгол анагаахын хот” хэмээх эрхэм хүндэт гэрчилгээг гардуулсан юм. Ингэснээр тус хот Бүх Хятаддаа хүлээн зөвшөөрөгдсөн эм, эмчилгээний нэртэй төв болсон билээ. Энэхүү өргөмжлөлийг хүртэхэд Сэцэнт эмч болон түүний бүтээлч шаргуу хамт олны хөлс дуслуулсан хөдөлмөрийн үр шим ихээхэн нөлөөлсөн гэдэг нь дамжигггүй. Өдөр шөнийг мартан өвчин эмгэгтэй тулалдаж, эмчилгээний шинэ арга заслыг эрэлхийлж яваа цаг мөчгүй энэ ажил албын хүнд хүчрийг нэгхэн үдийн өмнө харж бэрхшээсэндээ нүд чилж билээ.
Тунляо хотын нутаг дэвсгэр дээр улаан мөхөлж, мана цэцэг, хуруувчин цэцэг, хөхөргөнийн үндэс, хурдан цагаан, догол өвс, борц өвс, цана цэцэг зэрэг 500 гаруй төрлийн онцгой сайн чанарын эмийн ургамал ургадаг бөгөөд тэдний 90 хувийг монгол эмэнд ашигладаг аж. Үүнийг дагалдан эмийн ховор ургамал тариалах аж ахуйн нэгж, компаниуд олширчээ. Одоо  эмийн ургамлын аж үйлдвэрийн хөгжлийн олон улсын загвараар монгол эмийн ургамал тарьж ургуулах суурингийн нийт талбайн хэмжээ 6420 га-д хүрчээ. Тунляо хот нь Чин гүрний үеийн алдарт монгол анагаах ухаантан Жамбалдоржийн төрсөн нутаг гэдгийг эрхэм уншигчид маань мэдэх биз ээ. Түүний зохиосон “Монгол эмийн зурагт толь” нэртэй ном нь монгол анагаах ухааны тулгуур бичиг гэгддэг. Түүнээс гадна Тунляо хотод Өвөр Монголын үндэстний их сургуулийн Монгол анагаахын дээд сургууль, Монгол анагаах ухааны докторантын төв, тус сургуулийн харьяа Монгол эмнэлэг зэрэг 10 эрдэм шинжилгээний байгууллага, мөн Хятадын есөн ч  монгол эмнэлгийн томоохон байгууллага, монгол анагаахын боловсон хүчин болох 1357 мэргэжилтний нөөцтэй. Жилд дундажаар монгол анагаахын чиглэлээр боловсрол эзэмшсэн бакалавраас дээш зэрэгтэй  200 эмчийг дадлагажуулан сургаж байна. 2013 оноос хойш Тунляо хотын Засгийн газар нь монгол анагаах ухааны салбарт жил бүр 30 сая юанийн хөрөнгө оруулж “Нэртэй аж ахуйн нэгж”, “Нэртэй эм”, “Нэртэй эмнэлэг”, “Нэртэй эмч”-ийн төсөл хэрэгжүүлэн монгол анагаах ухааны салбарын хөгжлийг дэмжиж байна.
Монгол анагаах ухаан бол монгол үндэстэний соёлын баялаг өвийн нэг бөгөөд урт удаан түүхэн хугацаанд өвчин эмгэгтэй тэмцэж ирсэн үйл ажиллагааны дунд хуримтлагдсан уламжлалт эмчилгээний туршлагын суурь дээр хөгжих явцдаа төвд, хятад, энэтхэгийн анагаах ухааны онол, бүтээлийг шингээн авч улмаар төгөлдөржин бүрэлдсэн монгол үндэстний онцлог бүхий биеэ даасан нэг төрлийн анагаах ухаан мөн. Энэхүү их өвийг тээгчдийн нэг Сэцэнт эмч 33 жил анагаах ухааны салбарт зүтгэхдээ танихгүй хүн, оношлохгүй өвчингүй болжээ. Бээжингийн хятад анагаах ухааны их сургуульд докторын зэрэг хамгаалж Япон улсад мэргэжил дээшлүүлсэн тэрбээр зөвхөн өвчин эмгэгийг эмчилдэг нэгэн биш, өвчний шалтгаан, үр дагавар, эмчилгээний арга, эмчилгээг хүний биеийн онцлог болоод сэтгэцтэй холбох чиглэлээр нарийн туршилт судалгааны ажлыг насаараа хийжээ. Тиймээс тэр “Хүн бол эсийн бөөгнөрөл биш” гэдэг үгийг байнга давтан хэлдэг. Өвчнийг эмчлэхэд сэтгэлзүйн хүчин зүйл ихээхэн чухал гэдгийг онцолдог. Өвөр Монголдоо алдаршиж, улмаар Бүх Хятадад нэртэй болсон энэ эмчийг Монгол улсаас эрж сурж, зорьж зүтгэн ирэх өвчтнүүд сүүлийн үед маш олон болжээ. Газрын холоос нэг монгол нь нөгөөгөө зориод ирж байхад гачигдал зовлон тоочоод суух эрхгүй хэмээн амралтын цагаараа хүртэл ажил дээрээ өнжих түүнийг хараад биширч бахдах сэтгэл эрхгүй төрж билээ. Хүнд мэргэжлээс гадна сэтгэл гэгч зүйл хичнээн чухлыг өөрийн биеэр үлгэрлэн таниулж яваа ийм нэгэн халуун сэтгэлт өвөр монгол эмчийг Монголынхоо уншигчдад танилцуулахаар зорьсон юм. Монгол үндэстэн минь өвдөх өвчингүй эрүүл, өгөөмөр сэтгэлээр дутахгүй гэгээлэг амьдрах болтугай.
Б.Занданхүү

 

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com