CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол сурвалж судлалын олон улсын хурал Бээжинд болов

11-04-2019 10:00

 

Хятадын Төвийн үндэстний их сургуульд “Бүс ба зам” дагуух улс орнуудын монгол сурвалж бичгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 2-3-ны өдрүүдэд боллоо.
Тус хуралд Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, хатагтай Бирталан Агнес, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын ШУА-ын Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, академич Д.Төмөртогоо, академич Д.Цэрэнсодном нарын 10 гаруй улс орны 80 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, салбар хуралдаануудад илтгэл тавьсан юм. Нээлтийн үеэр зохион байгуулагч талын мэндчилгээ, нэрт монгол судлаач, доктор профессор Ч.Хишигтогтохын 80 насны ойг тэмдэглэх ёслол, монгол сурвалж бичгийн фото хэвлэлийн болон судалгааны цуврал ботиудыг залах зэрэг гурван томоохон арга хэмжээ болж өнгөрөв. Төвийн үндэстний их сургуулийн Дэд захирал Сүн Минь “Энэ хурал олон улсын эрдэмтдийн харилцан ойлголцол, солилцооны индэр болж, эрдэмтэд судалгааныхаа шинэ үр дүнгийн талаар ярилцан, монгол сурвалж бичиг судлалын шинэ үзэл баримтлал, шинэ сэдвийг бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны эв найртай, тогтвортой хамтын цогцыг байгуулахын тулд оюун ухаанаа зориулаасай гэж бид хүсэж байна” гэжээ.
Боловсролын салбарт 45 жил зүтгэсэн Төвийн үндэстний их сургуулийн профессор, Монгол улсын “Алтан гадас” одон, Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналт, Олон улсын монгол судлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хишигтогтох нь монгол сурвалж бичгийн судалгааг дэлхийн түвшинд гаргасан нэрт эрдэмтэн юм. Эртний утга зохиол, эртний олон хэлний сурвалжууд, монгол сурвалж бичгийн дундад зууны үеийн судалгаа, монгол сурвалж бичгийг бүтээсэн эрдэмтдийн тухай судалгаа зэргээрээ профессор Ч.Хишигтогтох ихээхэн алдартай бөгөөд түүний бүтээлүүд хятад, англи, япон, орос зэрэг олон хэлээр хэвлэгджээ. Монгол судлалд оруулсан түүний хувь нэмрийг нь үнэлж 80 насных нь тэмдэглэлт ойг хурлын гол агуулга болгон тэмдэглэсэн нь онцлог юм. Мөн үеэр “Или голын урсгал дагуу нутагт хадгалагдаж буй тод үсгийн сурвалж бичгийн чуулган”, “Бүс ба зам дагуу улс оронд хадгалагдаж буй монгол сурвалж бичгийн фото хэвлэлийн цуврал-Дэлхийд түгсэн монгол судар”, “Бүс ба зам дагуу улс орон дахь монгол сурвалж бичгийн судалгааны цуврал” зэрэг номыг залах ёслол боллоо. “Или голын урсгал дагуу нутагт хадгалагдаж буй тод үсгийн сурвалж бичгийн чуулган” хэмээх 50 боть номыг Төвийн үндэстний их сургуулийн профессор Мянгад Эрдэмт 19 жилийн судалгаагаар 400 гаруй ном, 600 гаруй сурвалж, гар бичмэл, модон бар зэрэг тод бичгийн үнэт өв, дурсгалыг фото хэлбэрээр буулган авч өнгөт хэвлэлээр олны хүртээл болгосон нь энэ юм. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ