CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Орчуулагч Мянганбаярыг “орчуулах” оролдлого

10-31-2019 14:44

Тавын таван охины ард яаралгүй заларч ирсэн, голомтын эзэн хүүгээ өлгийдөн магнай тэнийсэн эцэг нь Мянганбаяр гэдэг нэрийг түүнд хайрласан гэх. Аавынхаа атираат магнайг тэнийлгэж мэндэлсэн хүү нь амьдралын урт харгуйд мөр зөвтэй явсаар нэгэн жарныг элээж намтрын хуудсаа зузаалсан түүх саяхных мэт боловч Дундад их улсын нөөлөгт амьдран ахуй монгол хүний хувьд Мянганбаяр гуайд үзээгүй туулаагүй юм ховорхон ажээ. Өнөөгийн залуусын хуучны киноноос л үздэг “Улаан хамгаалагч” цэрэг гэж юу болох тухай энэ хүнээс л сонсож билээ. Арван хэдхэн настай гацааны бяцхан жаалхүү ханцуй дээрээ хариуцлагаа тунхаглан, хувьсгалын өлгий Янь Аньд алхаж очсон, Бээжин их нийслэлийг анх үзээд “Дэлхий ямар уужим юм бэ” гэж дотроо уулгалан бодож байсан гээд сонин сайхан хууч хөөрөх энэ эрхмийг Үндэстний хэвлэлийн хорооны ахмад ажилтан Тавингурав ах надад танилцуулсан юм. Бээжингийн монгол хэлт цөөхөн байгууллагууд болох Үндэстний хэвлэлийн хороо, Үндэстний орчуулгын товчоо, Төв радиогийн монгол хэлний редакцийн хуучцуул өдгөө амралтын өдөр тухлан сууж зоог яриа дэлгэн галтай залуу насныхаа тухай хөгжиж хөөрөн хөөрөлдөхийг сонсох тун таатай байдаг юм. Тэдний дурсамж бол өнгөрсөн цаг үеийн амьд халуун гэрчлэл бөгөөд өнөөдрийг бүтээсэн түүхийн гэрэлт хуудсууд билээ.
 Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг үгтэй. 1951 оны төмөр туулай жил Ордосын Үүшин хошууны Толь гацаанд эгэл малчны гэрт төрсөн Мянганбаяр 15 насандаа Хятадын соёлын их хувьсгалтай золгожээ. Модон буу барьсан балчирхан улаан хамгаалагч маань хэнийг хэнээс хамгаалж байгаагаа ч мэдсэн юмгүй, үгийн утгыг сэхээрэлгүй үнэнчийн тангараг өргөж явснаа дурсан мушийх. Гацаанаасаа гарч алхаагүй, хошуунаасаа холдож завдаагүй жаалхүү хувьсгал хамгаалагчийн улаан ханзтай даавуу ханцуйдаа зүүчихээд
“Далайн аялалд залуурчаа түшиглэнэ
Хувьсгал хийхэд Мао тэргүүлэгчийн үзэл санааг биширнэ...” хэмээн дуулах газраа дуулж, шүлэглэх газраа шүлэглэж, үглэх газраа үглэн Янь Ань руу алхаж явахдаа Маогийн ботийг элгэндээ тэвэрчихээд хувьсгалын үзэл санаанаас суралцан, хавтай ишлэлүүдийг нь хангинатал цээжилж явжээ. Малчны хотноос хошууны сургуульд сурагч болж ирээд гурван он болж байтал Соёлын хувьсгал гарч сургууль үүдээ барьчихсан тул өсвөр насны хүүд шинэ хувьсгалын үзэл санаанаас өөр шийдмэг барьцтай юм байсангүй. Ингээд дуу шүлэг цээжлэн дураар зоргоор гүйж явахдаа Ордосын хүүхдүүдийг хувьсгалын өлгий нутаг Янь Ань руу авч явах багшийн хараанд өртөж явган мааршийн эгнээнд орчих нь тэр. Мянганбаяр гуайн хувьд энэ нь юм үзэж нүд тайлахын эхлэл байжээ. Тухайн үед Хятад улсын өнцөг булан бүрээс тэрэгтэй чаргатай, явган нүцгэн улсууд хувьсгалын өлгий нутгийг зорьж, шинэ цагийн соёлыг хүртэн, Бээжинд ирж Мао тэргүүлэгчийн гэгээн дүрийг харах соёлын довтолгоон маягийн үйл явдал ид өрнөж байв. Яг ийм үед цаг үеэсээ хоцрохгүй алхах завшаан Мянганбаяр гуайд олдож Ордосын 30 гаруй хүүхэд залуустай хөл нийлэн хувьсгалын өлгийг зорьж, улмаар Бээжинд ирж Тянь Аньмэний талбайд болсон баярын жагсаалын үеэр Мао жиүшигээ ч амьдаар нь харж, бүр гар атгалцаад ч амжиж. Шинэ үеийн хувьсгалын их үйл хэргийг дэмжихээр хөл хөөрцөг болж ирсэн залуусын урам итгэлийг дэмжихээр төв талбайн өндөр индэрт зогсохдоо Мао дарга олон ч залууст жигүүр ургуулжээ. 1967 оны Цагаан сарыг Бээжинд өнгөрүүлсэн тэрбээр цэнхэр нүдтэй, цагаан арьстай гадаад хүн анх хараад ангийн найзуудаа чангааж авчран үзүүлж жигтэйхэн сонирхож байснаа ярин тас тас хөхрөх.
Өмнө нь гурван жил сургуульд сурч бичиг үсэгт тайлагдсаны зэрэгцээ бас чиг хувьсгалын эх нутагт очиж, Бээжинд зочилж Мао тэргүүлэгчтэй уулзсан хүний хувьд Мянганбаяр гуай нутагтаа эргэж очсоны дараа Ардын гуншэ буюу манайхаар сумын нэгдлийн Итгэмжийн хоршоо гэх газар нягтлан бодогчийн алба хашжээ. Засгийн банкнаас ардуудад зээл олгодог ажил юмсанж. Шинэ залуу боловсон хүчин болж улсын ажил хийж үзсэндээ хөөрч байсан ч цэрэгт явах л түүний гол хүсэл байв. Тэр үеийн залуусын хувьд цэрэгт явах нь өөрийгөө эр хүний тоонд оруулж байгаа томоохон итгэл үнэмшил байсан бөгөөд цэрэг болох мөрөөдлийг цээжнийхээ угт тээдэггүй залуу хүн гэж байсангүй. Ингээд хүссэн юм хүзүүгээр гэгч болж манай хүн ч цэрэг боллоо. 1971 оны хавар хорин настайдаа Өвөр Монголын цэргийн тойргийн явган цэргийн тагнуулын батальонд хуваарилагдав. Тухайн цаг үеэ Мянганбаяр гуай дурсахдаа, “Цэргийн амьдрал л намайг хүн болгосон. Тэр үеийн цэрэг гэдэг бүтээн байгуулалтыг ид гардан хийж байсан улс. Ажлын хүндийг хийнэ, андын нөхөрлөлийг танина. Эр хүний заавал үзэх, дамжих ёстой тэсвэр хатуужлын сургууль бол цэрэг шүү дээ” гэж ярьсан. Ийнхүү цэргээс нас бие жагссан Мянганбаярыг дахин нутагтаа ирэхэд улсын их, дээд сургуулиуд үүд хаалгаа дахинтаа нээж байсан нь зол болж тэрбээр Ажилчин тариачны их сургуульд элсэн орж номын дуу сонсов. Төгсөөд шууд Бээжингийн Үндэстний орчуулгын товчоонд ажилд оржээ. Орчуулгын товчоонд хийдэг ажил нь нам төрийн удирдагч нарын үг, төрийн бодлогын баримт бичгүүдийг монголчилж, засгийн бодлогыг ардад түгээх нөр их хөдөлмөр байв. Энд л тэр жинхэнэ хариуцлага гэгчийг ягштал мэдэрч, тэр хэрээрээ өөрөө боловсрон туршлагажснаа дурсдаг. Идэр залуу наснаас өвгөн буурал болтлоо энэ л товчоонд хүчээ өргөж Үндэстний орчуулгын товчооны Монгол хэл бичгийн хэлтсийн даргаар олон жил ажиллажээ. Энэ байгууллагад Мянганбаяр гуайг мартахын аргагүй дансалсан нэг ажил нь Бээжингийн Үндэстний орчуулгын товчооны Монгол хэл бичгийн тасгийг компьютерийн систем рүү шилжүүлэхэд хамгийн их тулгамдаж байсан орчуулгын программыг хийсэн. Компьютерийг бие дааж сурсан атлаа түүнийг Бээжингийн монгол хэлт байгууллагаас энэ ажлыг анхлан гардаж  хийснийг нь үе тэнгийнхэн нь үнэнхүү бахтай дурсан ярьцгаадаг юм. Төв радиогийн Норов, Үндэстний хэвлэлийн хорооны Тавингурав, Юнхэгүний Даваацэрэн гээд үеийн найзууд нь хашрыг эзгүйд залуус дүү нарт хийсэн бүтээснийг нь хичээнгүйлэн магтах атлаа нөхрийнхөө нүүрийг харангуут бүр эсрэгээр нь цаашлуулж зугаацаж байх нь наргиантай байдаг. Орчуулгын товчооных атлаа орчуулагдах аргагүй хэлтэй, Ордосынхондоо ч ойлгогдоггүй орчуулагч гэж цаашлуулна. Тавингурав, Норов, Мянганбаяр нар нэг нутаг усны улс. Тэгэхдээ төрсөн хошуу сумд нь өөр. Нэг жил ээлжийн амралтаараа Тавингурав ах дарга найзыгаа морин жолооч болгон, машинд нь сууцгаан нутгаа зорин гарчээ. Уг нь бол Тавин ах ч өөрөө том дарга байсан үе. Үндэстний хэвлэлийн хорооны Монгол ном бичгийн газрын дарга, Үндэстний орчуулгын товчооны Монгол хэл бичгийн газрын дарга хоёр дөрөө харшуулж яваа хэрэг шүү дээ. Хоёр найз оройхон нутагтаа очтол Тавингурав ахын аав ээж хоёр сандарч хүүгээ ханцуйнаас нь угзран гэрээс гаргаад “Ийм том дарга найз чинь ирж байхад аятайхан хоол хош хийлгүй горигүй. Юу идэж уудаг хүн бэ” гэж шивнэж байна гэнэ. Юу ч яадаг юм бэ, өөрөөс нь асуухгүй юу гээд тоосонгүй. Хөгшчүүл тэвдэж Мянганбаяр ахаас идэж уух юмыг нь асуутал “Хамаагүй ээ. Юу ч иднэ” гээд хайхарсангүй. Ахин дахин лавлахаар нь “Тэгвэл навчтай манжинтай туушуу хуургаш идчихье ээ” гэж. Нөгөө хоёр нь бүр амаа ангайгаад хөшчихөв. Уг нь бол “Төмстэй, ногоотой гахайн махан хуурга” захиж байгаа ухаантай. Гэтэл Мянганбаяр ахын нутагт төмсийг манжин, хүнсний ногоог навч, эрдэнэшишийг туушуу, хуургыг хуургаш гэдэг юмсанж. Тавингурав ах хөгшдөөсөө энийг нь сонсож хожмоо найзууддаа ярьснаар Мянганбаяр ахтай ширээний ард таарах бүхэнд хөхрөлддөг онигооны тоог нэгээр нэмжээ. Тэд бие биенээ цаашлуулж явуулахдаа адтай. Ордосынхон шоочийг ч хэлэх үү, хүн бүхэн нэжгээд бадаг шүлэгтэй. “Үүшин Мянган...” гээд эхлэнгүүт л Мянганбаяр ах даруй дэвхэрч босон нөгөөдүүлийнхээ амыг таглана.
Ийм л хэлэх ярих зугаа ихтэй, хийсэн бүтээсэн ажил арвинтай домог шиг хэдэн ах нарын дунд доргиж маазран сууж байхдаа дэлхийн нийслэл Бээжинд дэмий амьдраагүйгээ мэдэрдэг билээ. Монгол хэл бичгийн цагийн манаанд цалингаасаа илүү сэтгэлээ зориулан ажиллаж амьдарч ирсэн Бээжингийн монгол хэлт цөөхөн байгууллагын нэг Үндэстний орчуулгын товчооны Монгол хэл бичгийн газрын ахмад дарга Мянганбаярын тухай цухасхан танилцуулахад ийм буюу.

ССТВ-гийн Монгол сүлжээний мэргэжилтэн, сэтгүүлч Б.Занданхүү 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com