CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Уран эмээгийн шагласан Улсын баярын бэлэг

10-24-2019 10:16

 Энэ хөдөлмөрч эмээг Сувданчимэг гэдэг. ӨМӨЗО-ны Сөнөд баруун хошууны хүн. Тэрбээр Бээжингийн монгол цэцэрлэгт явдаг таван настай зээ охин Хунхонгорт Хятад, түүний найз дөрвөн настай Индранилд Монгол улсын төрийн далбааг урлаж шаглан бэлэглэжээ. Нарангуагийн үүсгэн байгуулсан Бээжингийн цорын ганц монгол цэцэрлэгт Монгол Улсаас ирж сурч байгаа Индранил охин бол Хунхонгорын сайн найз нь юм. Хятад улс байгуулагдсаны 70 жилийн түүхт өдрөөр бяцхан охидод эмээгийн илгээсэн энэ бэлэг Хятад Монгол хоёр улсын хооронд найрамдалт харилцаа тогтсоны 70 жилийн ойд зориулагджээ. Сувданчимэг эмээ өмнө нь Хунхонгор Индранил нарт өөрийн гараар урлаж шагласан монгол тоглоом наадгайг олонтаа бэлэглэж байсан билээ. Тухайлбал, хүнсний бүх төрлийн ногоо, хятад, монгол чихрүүд, төрсөн өдрийн бялуу, бууз, хуушуур, банш гэх мэт битүү хоол, ааруул, хурууд, бяслаг гэх мэт монгол үндэстний цагаан идээ сэлтийг торго, даавуугаар урлаж багачуудад өгчилгөсөн нь үзэсгэлэн гаргах хэмжээний баялаг цуглуулга болоод байна. Ингээд энэ ажилсаг эмээтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.

-Та хүүхдүүддээ ур ухаан шигтгэсэн маш нандин бэлгүүд өгчээ. Энэ санааг хаанаас олсон бэ?
-Баярлалаа. Энэ жил улс байгуулагдсаны 70 жилийн түүхт ой тохиож байна. Бас Дундад улстай хамгийн анх найрамдаж нөхөрлөсөн улсын нэг нь Монгол улс юм байна. Тийм учраас улс байгуулагдсаны тэгш ойн жил Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил мөн давхцаж байгаа аж. Ийм мэдээ мэдээллүүд энэ жилийн турш телевиз, радиогоор их гарлаа. Бас вичатаар ч харагдсаар өнөө хүрлээ. Тэгээд би ийм чухал ойн жил хоёр жаахан охиндоо ямар бэлэг өгөх вэ гэж бодож байгаад Хятад Монголын төрийн далбааг шагласан юм аа. Хожмоо дурсгалтай болов уу гэж ийм бэлэг бэлдсэн. Тэгээд улсын баяраар түргэн хүргэлтийн шуудангаар Бээжинд гэрт нь хүргүүлсэн.
-Өнөөгийн хүмүүсийн хүүхдэд өгч байгаа бэлэг нь чихэр жимс гэх мэт амттан, буу шийдэм, машин тэрэг, барби хүүхэлдэй гээд л дандаа дэлгүүрт зарагддаг бараа бүтээгдэхүүнүүд байдаг. Харин таны бэлэг сэтгэл гаргаж урлаж шагласан, дандаа өөрийн гараар хийсэн онцгой зүйлс байгаа нь их сонин содон санагдлаа?
-Хүүхдийн тоглоом гэдэг бол өөрөө бүхэл бүтэн шинжлэх ухаан шахуу зүйл гэж би ойлгодог юм. Хүүхэд ямар тоглоомоор тоглож наадан өссөнөөс хүмүүжил төлөвшил нь ихээхэн шалтгаална. Тиймээс зээ охиндоо зориулж дандаа ганц хувь онцгой тоглоом наадгай хийхийг эрмэлздэг. Хийж байгаа тоглоом бүртээ хайраа шингээж сэтгэлээ зориулдаг болохоор хожим миний бяцхан зээ ухаан суух үедээ эмээгийнхээ талаар дурсах бодох зүйлтэй өсөх биз ээ гэж найддаг юм. Би онцгойлон, тусгай тоглоом наадам хийгээд байгаа юм биш. Хүүхэд бүрийн идэх уух дуртай чихэр жимс, ундаа зайрмаг гэх мэт ойрын хэрэглээний олон зүйлсийг даавууны өөдөс, торго дурдангаар оёж үүнийгээ тоглоом болгон бэлэглэдэг юм. Даавуун тоглоом зөөлөн эвтэйхнээс гадна хүүхдэд элдэв харшил өгддөггүй сайн талтай. Бас бүтээл бүрээ уйгагүй урлаж хийдгийг зээ минь мэддэг учраас тоглоомоо хайрлаж хямгадаж байгаа нь хөөрхөн санагддаг юм.
-Бидэнтэй ярилцсанд их баярлалаа

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ