CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Монголын хэвлэл мэдээллийн уулзалт ярилцлага болов

10-15-2019 10:11

 Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны гурав дахь удаагийн уулзалт ярилцлага өнөөдөр ӨМӨЗО-ны Тунляо хотод болов.
Хурлын нээлтэд ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Хань Юншян, ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаадтай харилцах хэлтсийн дарга Үндэсбат, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг, Тунляо хотын намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Ли Ли нар оролцож, үг хэллээ.
Үндэсбат дарга энэ үеэр хэлэхдээ, “Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хоёр орон олон цуврал арга хэмжээ зохион байгуулж буй. Тухайлбал, Хятад Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжлагын аяныг найман удаа зохион байгуулж, Монгол Улсын 130 гаруй сэтгүүлч сурвалжлагчийг хамруулсан. Цахим хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагааны уулзалт ярилцлагыг гэхэд гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Цахим сэтгүүл зүйн давуу талыг тодотгон харуулахын тулд энэ удаа тусгайлан сайтын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага ба хамтын ажиллагааны уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна” гэлээ.
МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг гол сэдэвт илтгэлдээ, “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл жил бүр Хятад улсын хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарсан арга хэмжээ зохион байгуулж ирлээ. Хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны тухайд МОНЦАМЭ агентлаг болон Синьхуа агентлагийг онцлон дурдууштай. Тус хоёр агентлаг нь урт хугацаанд үр дүнтэй байнгын хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Өнөөдрийн уулзалт ярилцлагын гол сэдэв болох цахим сэтгүүл зүйн тухайд энэ салбарт хоёр орны хөгжлийн явц ололт амжилт арвинтай байна. Цаашид хоёр орны хэвлэл мэдээллийнхэн хамтын ажиллагаагаа хэрхэн үр дүнтэй өрнүүлэх тухайд бид өөрийн санаа бодлыг хуваалцаж байна” гэв.
Хурлын үеэр ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Аймаг хотын хэвлэл мэдээллийн алба, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон тус эвлэлийн зарим салбар, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо хамтын ажиллагааны дөрвөн хэлэлцээр байгууллаа. Тус уулзалтад ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Синьхуа нет, Төвийн радио телевиз, Төв телевизийн монгол сүлжээ, Хятадын олон улсын радио, Солонго сайт, Өвөр монголын радио телевизийн хороо зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болон Монгол Улсын талаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон тус эвлэлийн зарим салбар, Монгол Улсын сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Монгол Улсын зарим сайтын сэтгүүлчид оролцов.

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр