CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн өндөрлөлөө

10-11-2019 17:25

Бээжин хотод хавар, зуны турш үргэлжилсэн Олон улсын Цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн “ЭКСПО-2019” арга хэмжээ өчигдөр хаалтаа хийлээ. Хаалтын ёслолын ажиллагаанд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан, Камбожийн шадар сайд Хор Намхонг тэргүүтэй олон улсын төлөөлөгчид оролцжээ.

“Байгальд ээлтэй амьдрал, сайхан гэр орон” уриан дор болж өнгөрсөн олон улсын энэхүү үзэсгэлэн төсөөлж, төлөвлөж байснаас илүү үр дүнтэй болон өнгөрч, Бээжин хотын аялал жуулчлал, байгаль орчны хамгаалал, хот тохижилтын салбарт олон чухал өөрчлөлтийг авчрах суурийг тавьсан хэмээн Ли Кэчян ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцолжээ. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд нэгдэн нийлэх, үзэл санаагаа хамтатгахыг уриалсан уг арга хэмжээнд олон орны байгууллага, хүмүүс оролцсоныг ч тэрбээр мөн дурдсан байна.

Сүүлийн 20-30 жилийн хугацаанд БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар өргөжин тэлж, дэлхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч болсон нь эргээд байгаль орчны олон асуудал үүсгэж байгаа билээ. Энэ ч учраас агаар, ус, хөрсний бохирдлыг багасгах, ой модоо хайрлан хамгаалах олон арга хэмжээ авч, олон улсын анхаарлыг ч үүнд хандуулахыг хичээж буй. Үүний нэг нь 110 орон, байгууллага оролцож, 100 гаруй сэдвээр 3000 орчим арга хэмжээг зохион байгуулж, 10 сая хүнд хүрч чадсан энэхүү үзэсгэлэн боллоо гэж судлаачид тодотгож байгааг “Синьхуа” уламжлав.

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ