CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

70 жилийн ололт, амжилтыг танилцуулав

09-27-2019 15:45

Ирэх мягмар гаригт тохиох БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх тусгай хорооны Хэвлэлийн төвөөс өнгөрөгч 70 жилд тус улсын ард иргэдийн ахуй амьдралд ямар өөрчлөлт гарсныг тоймлон дүгнэсэн тоон мэдээллийг танилцууллаа. Улс орон нь хөгжиж цэцэглэхийн хамт хятад түмний өдөр тутмын амьдрал, түүний дотор боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, орон байртай болох гээд бүхий л боломж, нөхцөл гайхмаар хурдан сайжирчээ.

Өрх бүрт хүрсэн боловсролын тогтолцоо

Дээрх тойм мэдээнд БНХАУ-ын Боловсролын сайдын онцлон тэмдэглэснээр өнгөрөгч 70 жилийн хугацаанд тус улс нийт 519 мянган сургууль, 276 сая оюутан, сурагч, 16.7 сая багш, сурган хүмүүжүүлэгчээс бүрдэх, дэлхийн хамгийн том боловсролын тогтолцоог буй болгож, өрх бүрт, сургуулийн насны хүүхэд бүрт хүртээмжтэй, дэлхийн зэрэгт нийцсэн боловсролын чанарыг бүрдүүлэн тогтоож чаджээ. БНХАУ-ын Боловсролын яамны тооцоогоор Өөрчлөлт, нээлтийн бодлого хэрэгжсэн сүүлийн 70 жилд 270 сая гаруй хятад хүн дээд боловсрол эзэмшсэн байна. Боловсролын салбарт зарцуулах хөрөнгө мөнгө 2012 оноос хойш тус улсын ДНБ-ий дөрвөн хувийг эзлэх болсон бол зөвхөн 2018 онд гэхэд энэ салбарт оруулсан хөрөнгө мөнгө 4.6 их наяд юаньд хүрчээ.

Тасралтгүй өссөн ажлын байр, орон байрны хангамж

БНХАУ-ын Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын яамны тайлангаас харахад тус улсын эрх баригчид ажилгүй иргэдийн тоог өсгөхгүй байхад цаг үргэлж анхаарч, ажилгүйдлийн түвшнийг тасралтгүй бууруулж иржээ. Дээрх яамны сайд Жань Жинаны хэлснээр 1949 онд тогтмол ажлын байртай, бүртгэлтэй иргэдийн тоо 180 сая байсан нь 2018 оны байдлаар 780 сая болтлоо өсөн нэмэгдсэн байна. Харин мөн хугацаанд тус улсын хүн ам 1.6 дахин өссөн билээ. Ажлын байрны хувь хэмжээ хот суурин газар, хөдөө алслагдсан бүсийн аль алинд нь бараг ижил түвшинд нэмэгдсэн байна. Энэ бүхнийг дагаад ажилчдын даатгал, тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоо ч сайжирчээ. 1951 онд ердөө 2.6 сая ажилчин, албан хаагч л хөдөлмөрийн даатгалд хамрагдаад байсан бол өдгөө энэ тоо 950 сая даваад байна.
 Ажил хөдөлмөр эрхэлж, тогтмол орлоготой болсон иргэдийн байр сууцтай болох нь мөн жилээс жилд өсөж, төр засгаас иргэдийн орон байрны асуудлыг шийдвэрлэхэд ч хэд хэдэн чухал төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. 1949 оноос хойш 200 сая гаруй хүн орон байрны хомсдолоос гарч, БНХАУ дэлхий дээрх хамгийн том байр сууцны нэгдсэн сүлжээтэй болсон байна. Тус улсын Байр сууц, хот-хөдөөгийн хөгжлийн яамнаас мэдээлснээр шинэ орон сууц, хотхон, хорооллыг барьж босгохын хамт түүхэн барилга байгууламж, гацаа тосгодыг хамгаалах ажилд ч албаны хүмүүс анхаарч иржээ. Хамгийн сүүлийн дүн мэдээгээр Уламжлалт хятад тосгон хэмээх хөтөлбөрийн хүрээнд 6819 түүхэн тосгоныг тусгай хамгаалалтад авсан нь одоогоор уламжлалт хөдөө аж ахуйд суурилсан эртний түүхт суурин газрыг тусгай хамгаалалтад авсан дэлхийн хамгийн том хамгаалалтын хөтөлбөр гэгдэж байгаа аж.  

 Иргэн бүрт хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Ма Шяовэйн тайлагнаснаар тус улсын иргэдийн дундаж наслалт сүүлийн 70 жилд 75 болтлоо өссөн бол мянган төрөлт тутамд ногдох нярайн эндэгдэл 200-гаас 6.1 болтлоо буурсан түүхэн амжилттайгаар хятад түмэн орчин цагийн төрт улсаа байгуулагдсаны тэгш ойгоо угтаж байна. Тус улсын эрүүлийг хамгаалах салбарынхан мөн SARS, H7N9 зэрэг халдварт өвчний тархалттай амжилттай тэмцсэний дээр олон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран 160 гаруй гэрээ, төслийг хэрэгжүүлж, дэлхийн олон оронд эрүүл мэндийн үнэгүй тусламж, үйлчилгээ үзүүлснээрээ дэлхийд толгой цохих болжээ. БНХАУ одоогоор нийт 71 оронд 26 мянга гаруй эмч, сувилагчаа илгээж 280 гаруй сая хүнийг эмчилсэн нь мөн л дэлхийд тэргүүлж байна.

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр