Шүдний хиймэл паалан зохион бүтээлээ
09-26-2019 15:17
БНХАУ-ын Жэжян мужийн Ханжөү хотын их сургуулийн эрдэмтэд шүдний гэмтсэн пааланг нэг удаагийн эмчилгээгээр бүрмөсөн нөхөн сэргээх, шүдний эмзэгшлийг арилгах материал зохион бүтээж, түүнийгээ эмнэлгийн шатанд амжилттай туршсан байна. Кальцийн фосфатыг нийлэгжүүлэн гаргаж авсан энэхүү материал бүтцийн хувьд хүний шүдний паалангаас бараг ялгарахааргүй бөгөөд механик гэмтэлд асар тэсвэртэй, тунгалаг өнгөтэйгээрээ онцлог.
Шүдний бүтэц эвдрэх, шүд цоорох зэрэг амны хөндийн эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг эмгэгийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэх энэхүү материалыг олон жилийн судалгаанд үндэслэн гаргаж авснаа судлаачид онцолж байна. Дэлхийн шүдний эмч нарын холбооноос гаргасан судалгаанаас үзвэл, манай гаригийн хүмүүсийн 40 гаруй хувь нь шүд цоорох, паалан гэмтэх, шүдний эмзэгшил зэрэг өвчнөөс болж шаналдаг гэнэ. Одоогоор эмчилгээнд хэрэглэж буй паалан бүрэх материалууд бүтцийн хувьд шаазан болон шаазан төст материалууд байдаг аж.