CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад хэлээр мэдээлэл бэлтгэдэг “Монголын мэдээ” 90 нас хүрэв

09-23-2019 15:23

МОНЦАМЭ агентлагаас хятад хэлээр эрхлэн гаргадаг “Монголын мэдээ” сонины 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тэгвэл ойн арга хэмжээ энэ сарын 20-нд болж, “Монголын мэдээ” сонины хамт олны  сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн шагнаж урамшуулсанаас гадна тус сонины үе үеийн ажилтнуудын ажил, амьдралыг харуулсан гэрэл зургуудыг дэлгэн үзүүлсэн байна. Ойн баярын арга хэмжээг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг “Монголын мэдээ” нь анх хэвлэгдэн гарснаас хойш өнөөг хүртэл уншигчиддаа Монголын түүх, соёл, зан заншил, ардчилсан ололт амжилт, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ард иргэдийн ахуй амьдрал болон Монгол оронд болж буй цаг үеийн үйл явдал, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа зэргийг тухай бүр мэдээлсээр ирсэн юм. Эдүгээ тус сонин нь манай улсын тухай мэдээ мэдээллийг сонирхон уншдаг хятад уншигчдын шимтэн унших дуртай сонин төдийгүй хятад хэл, соёлыг сонирхон суралцаж буй Монголын зуу зуун хүүхэд залуучууд, их дээд сургуулийн оюутнуудын талархлыг хүлээсэн сургалтын чухал гарын авлага, үнэт хэрэглэгдэхүүн болоод байна” гэлээ.
“Монголын мэдээ” сонин нь 1929 оны есдүгээр сарын 1-нээс “Ажилчны зам” нэрээр хэвлэгдэн гарч эхэлжээ. Харин 1964 оноос хойш МОНЦАМЭ агентлагаас тус сониныг эрхлэн гаргах болсон бөгөөд Монгол улс дахь хятад хэлний цорын ганц хэвлэл юм.

 

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ