CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Диснейлэнд рүү хүнсний зүйл авч орохыг зөвшөөрлөө

09-20-2019 12:27

 Сүүлийн хэдэн сар Хятадын олон нийтийн сүлжээнд том маргаан дэгдээсэн асуудал шийдэгдэж, Шанхай хотын диснейлэнд соёл амралт, зугаалгын хүрээлэн рүү үйлчлүүлэгч хүссэн тохиолдолд хүнсний зүйл, хоол, амттан, уух зүйлсээ авч орохыг албан ёсоор зөвшөөрлөө.
Диснейлэндийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Эндрю Болштейн энэ талаар мэдэгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Чингэхдээ хүнсний бүтээгдэхүүн, хоол, унд нь халаах, боловсруулах, хөргөх шаардлагагүй, онцгой хурц үнэргүй гэсэн тодорхой шаардлагыг хангасан байх ёстойг тодотгов. Үйлчлүүлэгчдийнхээ тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх шаардлагыг тавьж буйгаа тэрбээр мөн онцолжээ.
2017 оноос хойш Шанхай хотын диснейлэнд соёл, амралтын хүрээлэн рүү ямар ч төрлийн хоол, зууш, хүнсний бүтээгдэхүүн авч орохыг хориглохын зэрэгцээ 600 мл хэмжээтэй лонхтой ундаа, ус л нэвтрүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан билээ.
Диснейлэнд дотор үйлчилгээ явуулж буй зоогийн газар, хоолны цэгүүдийн бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй, сонголт нь хэрэглэгчдийн хүсэж буй шиг арвин биш, амт чанарын хувьд зарим үйлчлүүлэгчдэд тохирохгүй байна гэсэн гомдол, санал цөөнгүй гарч, вичат, вэйбо зэрэг цахим орчинд ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард Шанхай хотын хуулийн сургуулийн оюутан худалдаж авсан зуушаа үйлчлүүлэгч нэвтрүүлэх үүдэнд хураалгасан тул Диснейлэндийн захиргааны эсрэг гомдол гаргаж, шүүхэд хандсан удаатай.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр