CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хувьсан өөрчлөгдөж буй аж үйлдвэрийн зах зээл

09-19-2019 11:00

 БНХАУ-ын Шанхай хотод олон улсын аж үйлдвэрлэлийн 21-дүгээр үзэсгэлэн яармаг /СIIF/ есдүгээр сарын 17-нд нээлтээ хийлээ. Дэлхийн 27 улс, мужийн 2600 үйлдвэрлэгч, компани, аж ахуй нэгж тус яармагт оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олонд танилцуулах юм.
Аж үйлдвэрийн салбарыг хамарсан олон улсын энэхүү үзэсгэлэнгийн үеэр БНХАУ-д сүүлийн 70 жилд энэ зах зээл хэрхэн хөгжиж буй талаарх тайланг танилцуулсан тухай “Синьхуа” агентлаг онцолжээ.  Дээрх тайланд дурдсан зарим нэг тоо баримтаас харвал, тус улсын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний хэмжээ 1952 онд 12 тэрбум юань байсан бол өнгөрөгч оны байдлаар эл үзүүлэлт 30 их наяд юаниар хэмжигдэх болтлоо өссөн  байна.
Тухайлбал, 1956 онд анхны хятад ачааны машин “Чөлөөлөлт” дамжлагаас гарч байсан бол 2018 онд улсын хэмжээнд 27 сая гаруй автомашиныг үйлдвэрлэн угсарч, Азидаа эл үзүүлэлтээрээ тэргүүлсэн юм. БНХАУ байгуулагдсан анхны он жилүүдэд автомашин, хүнд техникийн үйлдвэрлэл хөгжөөгүй, голчлон бүс бараа, ахуйн хэрэглээний эд зүйлсийг хязгаарлагдмал хэмжээгээр үйлдвэрлэн гаргаж байсныг тус тайланд онцолжээ. Харин өдгөө НҮБ-аас гаргасан ахуйн хэрэглээний үндсэн 500 нэр төрлийн бараанаас 220 нэр төрлийг нь дэлхийн зах зээлд их хэмжээгээр нийлүүлж буй.
Нөгөөтэйгүүр, 1950-1960-аад онд Хятад улсын экспортын 80 гаруй хувийг боловсруулаагүй бараа, түүхий эд эзэлж байсан бол одоо энэ үзүүлэлт эсрэгээрээ буюу 50-иас дээш хувийг нэмүү өртөг шингэсэн өндөр технологийн бараа, бүтээгдэхүүн эзлэх болжээ. Зөвхөн 2018 оны байдлаар БНХАУ-ын нийт экспортын 60 хувь буюу 9.6 их наяд юанийг цахилгаан бараа, тоног төхөөрөмж, өндөр технологийн бүтээгдэхүүн эзэлсэн байна.
Үүний зэрэгцээ БНХАУ-д шинэ бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний зохиогчийн эрх авах 934 мянган хүсэлтийг 2017 онд гаргасан нь эл зах зээл өргөжин тэлж, нэгэн цагт “дэлхийн үйлдвэр” байсан Хятад улс шинжлэх ухааны ололт, техникийн дэвшилд суурилсан “ухаалаг үйлдвэрлэл” болон хувьсан өөрчлөгдөж байгааг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр