CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тан улсын үеийн булшны хавтан олджээ

08-20-2019 10:04

Соёлын үнэт зүйлсийг хамгаалах байгууллагын ажилтнууд Хэбэй мужийн Линьчэн тосгоны Чэнди суурингаас өдгөөгөөс 1200 жилийн тэртээд хамрах булшны хавтан олжээ. Линьчэн тосгоны соёлын өвийг хамгаалах газрынхан уг хавтан Тан улсын Кайюаний 24-р онд (МЭ-ний 736 он) хамрах эртний дурсгалт зүйл болохыг тодорхойлсон байна.
Хөх саарал чулуугаар үйлдсэн уг хавтан барилгын ажлын үеэр гэмтсэн ч дээр нь жуаньшү хэв маягтай 4 ширхэг ханз, мөн кайшү хэв маягтай 478 ханз сийлсэн нь тодхон харагдаж байгаа аж. Хавтанд сийлснийг сийрүүлбээс уг булш нь Фанзы тосгоны Лю Шэньхуй нэртэй хүний булш юм. Лю Шэньхуй Тан улсын үед Сижоу тойргийн Шахэ тосгонд нярваар ажиллаж байгаад 712 онд 59 насандаа өөд болжээ. Булшны хавтан дээр үүнээс гадна тухайн хүний гавьяа зүтгэл, хүртсэн шагнал урамшуулал, Лю овогтын угсаа гарал, энэ эрхмийн цэвэрч нямбай ахуй байдал, гэр бүлийн ёсзүйн тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.
Линьчэн тосгоны соёлын өвийг хамгаалах газрын захирал Сүө Лисягийн хэлснээр энэхүү булшны хавтан дээрх бичээс тухайн цагийн муж, тойргуудын түшмэдийн албан тушаалыг тодруулахад тустайгаас гадна Тан улсын Кайюаний үеийн оршуулгын ёслол, нутгийн зан заншлыг судлахад чухал ач холбогдолтой байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ