CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад-Монголын хамтарсан ЭКСПО- д Монголын 400 гаруй компани оролцоно

08-09-2019 16:12

 Найман сарын долооны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ жилийн есөн сард ӨМӨЗО-нд зохион байгуулагдах Хятад-Монголын хамтарсан ЭКСПО үзэсгэлэнд Монголын 400 гаруй компани оролцох тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооллын бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан мэдээлэв.
 Я.Эрдэнэсайхан энэ удаагийн ЭКСПО үзэсгэлэн Монгол, Хятадын худалдаа-эдийн засгийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглээд, үзэсгэлэнгийн үеэр Монголын компаниуд гар урлал, ноос, ноолуур болон мөнгөн эдлэл, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэн үзүүлнэ гэж хэллээ.
 Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан Монгол, Хятад хоёр улс 2019 онд нийт 70 гаруй үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь гурав дахь удаагийн энэхүү ЭКСПО үзэсгэлэн аж.
 Өнөөгийн байдлаар Хятад нь Монголын худалдааны салбарын хамгийн том хамтрагч, хөрөнгө оруулагч болж байгаа бөгөөд хоёр улс 2020 онд бараа эргэлтийн хэмжээгээ 10 тэрбум долларт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ