CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Мо Яньд хүндэт доктор цол олгов

08-01-2019 15:32

Нобелийн шагналт зохиолч Мо Янь энэ мягмар гаригт Перу улсын Лима хотын Католик Их Сургуулийн хүндэт доктор болжээ.
Тус их сургуулийн хурлын танхимд болсон ёслолын ажиллагааны үеэр зохиолчийн намтар, уран бүтээлийнх нь талаар өгүүлж, их сургуулийн дэд ректор Альдо Панфичи түүнд хүндэт докторын дипломыг гардуулав. Ёслолын үеэр Мо Янь “Перу, Хятад хоёр хэдийгээр далай, тэнгисээр зааглагдаж, алс хол оршдог ч уран зохиолоор ханьсан ойртож байна. Би Перугийн ард түмний ахуй амьдрал, оюун сэтгэл, үүх түүх, бодит байдлыг уран зохиолоор дамжуулан таньсан билээ. Латин Америкийн уран зохиол надад болоод Хятадын олон зохиолчид наяад онд ихээхэн нөлөөлсөн” гэж өгүүлжээ. Тэрээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Хятадууд Латин Америкийн олон зохиолчийг мэдэх ч латин америкчууд Хятадын уран зохиолын тухай мэдлэг багатай байгаа нь Хятадын уран зохиолын хэв маяг, орчуулахад амаргүй байдагтай шууд холбоотой” гээд, “Сүүлийн жилүүдэд Хятадын олон зохиол бүтээл дэлхийд танигдаж байгаа учраас хятад зохиолчид уран бүтээлдээ илүү шамдан, бусдаас ялгарах уран зохиолын хятад хэв маягийг бүрдүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээв.
1917 онд байгуулагдсан Перугийн Пап ламын католик их сургууль нь тус улсын томоохон сургуулийн нэг бөгөөд Латин Америктаа нэр хүндтэй сургуулийн тоонд багтдаг ажээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр