CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хиймэл оюун ухааны олон улсын чуулга уулзалт болно

08-01-2019 15:35

Хятадын эдийн засгийн төв Шанхай хотноо энэ найман сарын сүүлээр хиймэл оюун ухааны олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах юм.
Тус хотын захиргаанаас мэдээлснээр найман сарын 29-31-ний өдрүүдэд зохиогдох энэ удаагийн чуулга уулзалтаар хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлж, харилцан холбоотой оюунлаг ертөнцийг цогцлоох тухай хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулга уулзалтын хүрээнд үндсэн чиглэлтэй хоёр хуралдаан зохион байгуулж, энэ үеэр засгийн газар, олон улсын байгууллага, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөллүүд хиймэл оюун ухааныг ирээдүйд чанартайгаар хөгжүүлж, удирдан хянаж, амьдралд ашиглах талаар хэлэлцэх юм. Түүнчлэн арван салбар хуралдаанаар оюуны алгоритм, чип, ухаалаг төхөөрөмж, автомат жолоодлого, хиймэл оюун ухаан ба 5G сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн 17 000 ам метр талбайг хамрах чуулга уулзалтын үзэсгэлэнгийн танхимд үйлдвэрлэлийн экологи, хот сууринд хиймэл оюун ухаан ашиглах технологи, автомат жолоодлого ба тэргүүлэх технологийн инновацийн ололт амжилтуудыг дэлгэн үзүүлнэ.
Үзэсгэлэнд 300 орчим компани оролцох бөгөөд чуулга уулзалтад оролцох нийт хүмүүсийн тал хувь нь гадаадын төлөөлөгчид байна.
Хятад улс өнгөрсөн жил Шанхай хотноо энэ төрлийн анхны чуулга уулзалтыг зохион байгуулсанд нийт 200 000 хүн оролцсоны 72 000 нь гадаадын 40 гаруй орноос ирсэн зочид төлөөлөгчид байжээ.
Энэ удаад Шанхай хотноо хиймэл оюун ухааны инновацийн технологийг дэлгэн үзүүлэх 6 бүс байгуулж, хиймэл оюуны хэрэглээг 2020 он гэхэд өргөжүүлэх 60 зүйлийн хувилбарыг өргөн олонд ухуулан таниулахаар төлөвлөжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ