CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Монгол, Оросын судалгааны төвүүдийн олон улсын чуулга уулзалт

07-29-2019 14:11

Долоон сарын 23-24-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны төв Хөххот хотноо Хятад, Монгол, Оросын судалгаа шинжилгээний төвүүдийн 2019 оны олон улсын чуулга уулзалт боллоо.
 “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор: саадгүй байдал, хөгжил цэцэглэлт, харилцан ашигтай хамтын ажиллагаа” сэдвийн доор зохион байгуулсан энэ чуулга уулзалтад гурван улсын судалгаа шинжилгээ, засгийн газар болоод ажил хэргийн хүрээний 200-аад төлөөлөгч оролцжээ.
 Мэргэжилтнүүд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор нь Бүс ба замын чухал бүрэлдэхүүн хэсэг болж байгаа тухайд санал нэгдэж, гурван улсын зүгээс талуудын давуу чанарт түшиглэн хөгжих нөөц бололцоо бүхий аж үйлдвэр, улс төрийн тогтолцоо, холбогдох институтыг хамтын хүчээр бий болгож, Бүс ба замын хүрээнд байгалийн нөөцийг ашиглаж, хүрээлэн буй орчныг хамгаалах тал дээр олон улсын хамтын ажиллагааны механизмыг улам боловсронгуй болгохын төлөө хүчин зүтгэх учиртайг онцлон тэмдэглэв.
 Судалгаа шинжилгээний төвийн мэргэжилтнүүд хянаж нэвтрүүлэх цэг байгуулах ажлаа шуурхайлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг эрчимжүүлэн, худалдааны тогтолцоог сайжруулах тал дээр гурван улсын засгийн газраас анхаарал хандуулах ёстой гэж үзлээ.
 Түүнээс гадна ногоон хөрөнгө оруулалт-ыг идэвхийлэн дэмжих учиртайг онцолжээ. БНХАУ-ын Хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийн улсын зөвлөлийн Бүс нутгийн нээлттэй байдлыг хариуцсан хэлтсийн орлогч дарга Жао Шиньюнь алсдаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын дэг журмыг мөрдөж, санхүүгийн үйлчилгээгээ илүү боловсронгуй болгохын зэрэгцээ бизнес орчныг сайжруулан, гуравдагч талын зах зээлийн оролцоог нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх шаардлагатай гэж мэдэгдэв.
 Мэргэжилтнүүд мөн гурван улсын засгийн газраас ард иргэдэд гурван талт хамтын ажиллагааны үр өгөөжийг сурталчлан таниулж, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэн, соёл урлаг, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ