CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хог ангилах нь бизнесийн шинэ боломж нээнэ

07-26-2019 14:13

 Энэ жилийн долоопугаар сараас эхлээд Шанхай хотноо Ахуйн хог хаягдлыг цэгцлэх журам албан ёсоор хэрэгжиж эхэлснээр тус хот хог ангилах хотуудын тоонд оров. Хогоо ангилах болсноор иргэдэд олон төрлийн хогийн сав шаардлагатай болжээ.
Сүүлийн үед Шанхай хотынхон хогийн сав олон тоогоор захиалж эхэлсэн байна. Жэжянь мужийн Тайжу тойрог нь хуванцар эдлэлийн үйлдвэрлэл, угсралтаар дагнасан томоохон төв болохын хувьд Шанхай хотын хэрэгцээнд зориулж хогийн том том савнуудыг үйлдвэрлэн илгээж байгаа аж. Тайжу хотын Huangyuan Feida Sanhe компанийнхан “Энэ захиалгыг үдээс хойш илгээх учиртай” хэмээн ажлаа шуурхайлах нь ихэсжээ. Хуванцрын вант улс гэгддэг Тайжуд Хятадын нийт хуванцар эдлэлийн 70 хувийг үйлдвэрлэдэг. Өнгөрсөн сард 3 000 аж ахуйн нэгж хог ангилах хөтөлбөрийн хүрээнд ашиг орлогоо нэмж, онлайн худалдан авагчдын тоо хоёр дахин нэмэгдсэнээр орлого нь 45 хувиар өсжээ.
Huangyuan Feida Sanhe компанийн менежер Фэн Линьгуй “Энэ таван сараас хойш захиалга илт нэмэгдэж, зургаан сараас бид захиалгаа барахаа больж эхэлсэн” гэж хэлж байна.
Тайжу хотын Luqiao Hangqing үйлдвэрийн орлогч дарга Тан Чуаньюйн өгүүлснээр энэ жилийн хоёр сараас хойш Шанхай хотынхон хогийн хуванцар сав захиалах нь эрс нэмэгдэж, ажилчид гурван ээлжээр 24 цаг ажиллаж, худалдан авагчид захиалсан бараагаа авахын тулд шөнө дөл хүртэл хүлээх нь элбэгшсэн аж. Түүний хэлснээр тус үйлдвэр Шанхай хотынхны захиалгаар хогийн сав үйлдвэрлэхийн тулд бусад бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг түр зогсоож “Бид дараа сарыг дуустал битүү захиалгатайгаас гадна худалдан авагчид шууд үйлдвэр дээр ирж бараа авах нь харьцангуй их болсон” байна.
Түүний зэрэгцээ Тайжу хотын хуванцрын үйлдвэрүүд “Шанхай! Бид хогийн сав үйлдвэрлэж эхэллээ” гэсэн бичигт хуудас нааж хог ангилах журмыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Хуванцрын үйлдвэрийнхний хувьд 7, 8 сар ихээхэн чөлөөтэй байдаг ч энэ жил харин эсрэгээр завгүй байна.
Hongsheng компанийн ерөнхий захирал Чэнь Дуншэн их төлөв Шанхайгаас ирж буй захиалгаа барахгүй байна гэж хэлээд, үйлдвэр 24 цагаар ажиллаж, өдөртөө 30-40 000 хогийн сав үйлдвэрлэж байгаа бөгөөд тус компанийн цэвэр ашиг өнгөрсөн жил 1 сая юань байсан бол энэ жил даруй хоёр дахин өсөх магадлалтай байгааг онцлон тэмдэглэжээ.
Мөн энэ долоон сард Tmall сүлжээнд хог ангилах хогийн сав гэсэн хайлт 2018 оны мөн үеийнхтэй харьцуулахад 3000 хувиар, худалдан авалт 500 хувиар тус тус нэмэгджээ. Taobao-гийн тухайд энэ жил нийт 3 сая хогийн сав буюу секундэд нэг сав худалдсан байна. Түүнээс гадна худалдсан арван хогийн савын долоог нь Тайжуд үйлдвэрлэжээ.
Хог ангилах журам нь хогийн савны үнэ, худалдааны хэмжээг нүд ирмэхийн зуур нэмэгдүүлээд зогсохгүй Тайжугийн хуванцар үйлдвэрлэгчдэд багагүй ашигтайгаар тусаж буй аж.
Одоогийн байдлаар хогийн сав 5-30 юанийн үнэтэй, хог ангилах багц 50-200 юанийн үнэтэй байна гэж үзвэл хогийн савны үйлдвэрлэгч, худалдаачид ихээхэн ашигтай ажиллаж байгаа нь тодорхой болно.
Статистикийн мэдээгээр Тайжу хотын 3000 орчим аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ Alibaba 1688 платформоор худалдаж байгаа бөгөөд эдгээр компанийн цахим худалдааны хэмжээ даруй 1,5 тэрбум юаниас хол давжээ.
Түүнчлэн Хятадын 46 хотод хогийг туршилтын журмаар ангилж эхэлсэн байна. Мөн Abei компанийн ерөнхий захирал Инь Жэньжун “Хотын оршин суугчид хогоо ангилж эхэлснээс хойш ирэх таван жилд хогийн савны эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөх төлөвтэй” гэж мэдэгджээ.
Ойрын үед хог ангилах контейнэрээс гадна хүнсний хаягдал боловсруулах төхөөрөмж, хогийн уут, анхааруулах наалт, хог ангилах сургалтын материалууд эрэлттэй болж байна.
Тань Чуаньюйн үзэж буйгаар экологийн зах зээл асар өргөн боломж бололцоо нээж байгаа учраас аж ахуйн нэгжүүд оршин суугчдын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэлээ эрчимжүүлж, бараа таваарынхаа төрөл зүйлийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр