CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Орон сууцнуудад царай таних технологи нэвтрүүлэв

07-24-2019 17:19

Бээжин дэх төрийн санхүүжилттэй, түрээсийн орон сууцны эхний ээлжийн 13 хотхоны үүдэнд хүмүүсийн царай таних төхөөрөмж суурилуулжээ.
 Холбогдох албадын мэдээлснээр энэ жилийн арван сарын сүүлч гэхэд түрээсийн зориулалттай үлдсэн 46 хотхоныг мөн ийм төхөөрөмжөөр тоноглох аж. Жан овогтой оршин суугчийн өгүүлснээр царай таних технологи нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучийн компанийн ажилтнууд хотхонд чөлөөтэй нэвтэрч зар сурталчилгаа наах, энд оршин суудаггүй хүмүүс орж ирэхээс урьдчилан сэргийлж, оршин суугчдын хувийн орон зайг хамгаалахад нэн тустай аж. Инь На хотхоныг хариуцсан албаны хүний мэдээлж буйгаар орон сууц түрээслэгчдийн гэрэл зургийг хотхонд нүүж орохоос нь өмнө нэгдсэн журмаар авсан байна. Түүнчлэн Бээжингийн хямд төсөр орон сууцны барилга угсралт, хөрөнгө оруулалтын төвийн түрээсийн орон сууц хариуцсан газрын орлогч дарга Ши Жибин “Бид үүний зэрэгцээ хүргэлтийн үйлчилгээний ажилтнуудын мэдээллийн санг бүрдүүлсэн” гэж мэдээлэв. Царай таних технологийг 2018 оны сүүлээс Фэнтай дүүргийн зарим хотхонд туршиж эхэлсэн бөгөөд оршин суугч Лянь Шиньвэй энэ төхөөрөмжийг суурилуулснаар хотхон нь харьцангуй тайван амгалан, аюулгүй болсон тухай ярьжээ.
 Бээжингийн түрээсийн орон сууцны төвийн ажилтан энэ технологи түрээсийн орон сууцыг хувийн ашиг хонжоотойгоор бусдад дамжуулан түрээслэхээс сэргийлж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад ач тустайг онцлон тэмдэглээд, орлого багатай айл өрх, ажил хөдөлмөр эрхэлдэг цагаачдад зориулсан төрийн санхүүжилттэй түрээсийн орон сууцыг дамжуулан түрээслүүлэх нь угаас хуулиар хориотойг сануулав. Одоогийн байдлаар царай таних уг системд Бээжин хотноо орон сууц түрээслэн суудаг 133 000 оршин суугчийн мэдээллийг оруулжээ. Дээр дурдсан түрээсийн орон сууцны барилга угсралт, хөрөнгө оруулалтын төвийн мэдээллийн төвөөс хотхоны оршин суугчдын хувийн мэдээлэл, гэрэл зургийг нууцлал, хамгаалалттай мэдээллийн санд найдвартайгаар хадгалж, тухайн иргэн нүүж шилжсэн тохиолдолд мэдээллийг нь устгах тухай мэдээлсэн байна. 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр