CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүндрэл бэрхшээлийг туулан Хятадын эдийн засаг өссөөр байна гэв

07-22-2019 14:18

Олон улсын шинжээчид Хятадын төрөөс мэдээлсэн эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүдээс харахад Ази тивийн тус улс аанай л хөгжсөөр, өдгөө тун тогтворгүй нөхцөлд оршиж байгаа дэлхийн эдийн засгийг хөдөлгөх хүч болсоор байгааг баталж байна гэж мэдэгджээ.
БНХАУ-ын Үндэсний статистикийн газраас энэ даваа гаригт хүргэсэн тайланд энэ жилийн эхний хагас жилд Хятадын ДНБ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6,3 хувиар өссөн тухай дурджээ. Энэ жилийн эхний хоёр улирлын эдийн засгийн өсөлт тус бүр 6,4, 6,2 хувьтай тэнцжээ. Өсөлтийн хурд хэдий буурсан ч хадгалагдсаар байгаа нь үүгээр батлагдаж байна. Эдийн засгийн энэ өсөлтийн маш олон хүн эергээр харж байгаа бөгөөд Сан-Францискогийн Matthews Asia компанийн стратегич Энди Ротман энэ даваа гаригт нийтэлсэн өгүүлэлдээ арван жилийн өмнөх үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй буурсан эл тоо баримт нь угтаа эдийн засгийн нөхцөл тун таатай байгааг илтгэж байна хэмээн дүгнэжээ. Өнөөгийн эдийн засгийн цараа арван жилийн өмнөхөөс даруй 182 хувиар нэмэгдсэн учраас Ротманы дүгнэлт бодит байдалд нийцэж байгаа билээ. Түүнийхээр бол “Эдийн засгийн өсөлт саарсан өнөөгийн нөхцөлд аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад илүү өргөн боломж нээгдэж буй” аж.
Германы эдийн засгийн судалгааны институтын эдийн засагч Кристиан Руше АНУ, БНХАУ хоорондын худалдааны асуудал болоод Brexit, Персийн булангийн зөрчлийн сөрөг нөлөөг харгалзан үзвэл зургаан хувийг давсан энэхүү үзүүлэлтийг харин ч эерэгээр дүгнэх ёстой гэж үзжээ.
Бэртэльсманы сангийн ахлах эдийн засагч Тисс Петерсен “Дэлхийн ДНБ-д эзлэх Хятадын хувь хэмжээ өсөн нэмэгдсээр байгаа нь тус улсын эдийн засаг аж үйлдвэржсэн орнуудтай харьцуулахад аанай л хурдацтай хөгжсөөр байгааг баталж байна” гэжээ.
Nikkei-н дүгнэснээр энэ жилийн хоёр дахь улирлын эдийн засгийн өсөлт  эхний улирлаас буурч хэдий 6,2%-тай байгаа ч энэ төрлийн өсөлтийг улирлаар бус жилээр дундажлан тооцоолдог Япон зэрэг хөгжилтэй улс орнуудын арга барилаар тооцвол уг үзүүлэлт харин ч нэмэгдэнэ гэж тэмдэглэжээ.
Үүнээс гадна эдийн засгийн бусад үзүүлэлтээс харахад Хятадын эдийн засаг өнгөрсөн сард тун таатайгаар эргэсэн нь батлагдаж байна. Жишээлбэл, үйлчилгээний салбар тэлж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ таван сартай харьцуулахад зургаан сард 1,3 хувиар нэмэгджээ.
Мөн Америкт байрладаг Price Futures Group компанийн шинжээч Фил Флинн зах зээлийн нөхцөл байдал зургаан сард төсөөлснөөс хавьгүй таатайгаар эргэсэн нь Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж буйг баталж байна хэмээн дүгнэснийг дурдах хэрэгтэй. Хятадын төрөөс эдийн засгийн өсөлт буурсантай холбогдуулан дотоодын үйлчилгээний салбарыг өргөжүүлэн тэлэх бодлого баримталсан нь зохих ёсны үр дүнгээ өгсөн гэж Флинн дүгнэсэн юм.
Сидней хотын Технологийн их сургуулийн Австрали-Хятадын харилцааны институтын захирал Жэймс Лаурэнсисон “Хятадын дотоод эрэлт нэмэгдсэнээр үйлчилгээний салбарын өсөлт нэмэгдэж байна” гэж хэлжээ.
Хөрөнгө оруулалтын стратегич Э.Ротман тус улсын аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, экспортын салбар өсөлт багатай байгаа ч эдийн засгийн ихээхэн хувийг эзэлдэг дотоодын эрэлт хэрэгцээ, үйлчилгээний салбар өссөөр байгааг тэмдэглээд “Хятадын төр эдийн засгийн өсөлт буурсан энэ нөхцөлд тохирсон бодлого хэрэгжүүлж, мөнгө, татвар, төсвийн эрчимжүүлсэн бодлогоос зайлсхийж байгаа нь цагаа оносон шийдэл юм” гэжээ.
Түүний хэлснээр Хятад, Америкийн хооронд үүссэн худалдаа, эдийн засгийн асуудлаас үл хамааран Хятадын төрөөс санхүүгийн тогтолцооны эрсдлийг бууруулах тодорхой чиглэлтэй ажилласны үр дүнд иргэдээ сэтгэл амар аж төрөх бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн нь угтаа үйлчилгээ, хэрэглээний салбар сүүлийн найман жилийн турш тус улсын ДНБ-ий цөмийг бүрдүүлж байгаатай шууд холбоотой юм.
Э.Ротман жижиглэн худалдааны хэмжээ, иргэдийн орлого тогтвортойгоор нэмэгдэж байгааг дагаад нэг хүнд ногдох орлого ч өнгөрсөн жилийнхээс буурсангүй гээд эцэст нь “Миний л харахад Хятад улс хэрэглээний хамгийн сайн зах зээл хэвээр байна” гэж дүгнэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр