CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Монгол наадмын нээлтийн ёслол утга төгөлдөр болж наадамчин олноо баясгав

07-12-2019 10:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний Их баяр наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн тоглолт нар хур тэгширсэн энэ сайхан өдөр /2019.7.11/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Монгол түмний бахархалт их түүхээ наадамчин түмэн олон, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, гадаадын жуулчин гийчдэд толилууллаа.


Энэхүү Их баяр цэнгэл наадмын нээлтийн болон хаалтын Төрийн хүндэтгэл ёслолын тоглолтын Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл анх удаагаа ажиллаж байгаа юм.

Их наадмын энэ жилийн нээлтийн ёслол хүндэтгэлийн тоглолтын дэг өмнөх наадмын дэг жаяг уламжлал ёсыг үзүүлэхийн зэрэгцээ найруулагчийн ур чадвар, өнгө аяс, дэглэлт өвөрмөц онцлогтой байж наадамчин зон олноо Монголынхоо түүх соёл, зан заншил, эх орон, өв уламжлалаараа бахархах сэтгэлийг төрүүлж, сэтгэл зүрх, омогшлыг нь бадрааж чадсан нь гайхалтай.

Баяр наадмын нээлтийн тоглолтыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын эх үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээдэлж сүсэлсэн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан хөтөлбөрийг бэлтгэж найруулсан нь дотоодын төдийгүй гадаадынханд өвөрмөц содон байсан гэж болно.

Монголчууд Тулгар төрт улсаа байгуулж, эрийн гурван наадмаа өв уламжлуулан өнөөг хүртэл хадгалж ирсэн түүх, улмаар Их эзэн Чингис хаан Их Монгол Улсаа байгуулсан, Манжийн дарлалаас чөлөөлөгдөн Тусгаар улсаа байгуулсан, Ардын хувьсгал, Халхын голын дайнд ялсан түүхэн ялалт, Атар газар эзэмшсэн гээд монголчуудын хөгжлийн түүхэн цаг үеийн онцлог, амжилт, ололтууд товойлгон үзүүлсэн урлагийн тоглолт болсныг наадамчин олон ихэд таашаасан юм.

Энэхүү түүхэн уламжлалыг харуулсан нээлтийн ёслол хүндэтгэлийн тоглолтод Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулган зэрэг урлаг соёлын томоохон байгууллагаас гадна Онцгой байдлын ерөнхий газар, Биеийн тамир, спортын газар, Монголын хүүхдийн ордон зэрэг байгууллагын 2000 орчим уран бүтээлчийн хамтарсан баг Төв цэнгэлдэхийн ногоон талбайд хамтран тоглосон билээ. Ийнхүү Монгол наадам эхэллээ.  

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий продюсерээр Б.Отгонбат сонгогдсон бөгөөд дараах уран бүтээлчид хамтран ажиллаж байна. Үүнд:

Ерөнхий продюсер: СТА Б.Отгонбат
Ерөнхий хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч, гүйцэтгэх найруулагч: СТА Г.Ган-Очир

Зохиолыг санаачлагч: МУУГЗ Г.Цоггэрэл, СТА Г.Ган – Очир Зохиолч: МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэх

Ерөнхий менежер П.Цэрэндагва

Ерөнхий Зураач: О.Баярмагнай

Хөгжмийн зохиолч: М.Бирваа МУСТА

Ерөнхий бүжиг дэглээч: Д.Баярбаатар МУУГЗ

Арт костюм дизайнер: Д.Ариундэлгэр

Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилласан байна.

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
montsame.mn
Шинэ мэдээ