CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин, Дональд Трамп нар уулзжээ

07-01-2019 10:03

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 29-ний өдөр Японы Осака хотноо АНУ-ын ерөнхийлөгч Данальд Трамптэй уулзаж, Хятад, Америкийн харилцааны хөгжилтэй холбогдсон үндсэн асуудлууд, өнөөгийн Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргаан, тэрчлэн хамтаар анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон бөгөөд хоёр орны харилцааны ирээдүйн чиглэлийг хамтаар төлөвлөж, “зохицуулалт, хамтын ажиллагаа, тогтвортой” гэх үндсэн хэмнэлтэй Хятад, Америкийн харилцааг урагшлуулахаар тохиролцжээ.

Ши Жиньпин, “Хятад, Америкийн харилцаа бол өнөөгийн олон улс дахь хамгийн чухал хоёр талт харилцааны нэг мөн. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийг эргэцүүлэхэд, олон улсын нөхцөл байдал, Хятад, Америкийн харилцаанд бүгд томоохон өөрчлөлт гарсан боловч Хятад, Америк “хамтран ажиллавал хоёул хожиж, сөргөлдвөл хоёулаа хохирох” байдал өөрчлөгдөөгүй. Хамтын ажиллагаа нь сөргөлдөөнөөс дээр, яриа хэлцэл нь мөргөлдөөнөөс сайн хэрэг юм. Өдгөө хоёр орны харилцаанд хүндрэл тулгарч буй нь алин алиных нь ашиг сонирхолд нийцэхгүй. Манай хоёр орны хооронд зарим талаар санал зөрөлдөөнтэй байгаа хэдий ч ашиг сонирхлын уялдаа холбоо маш их, хамтын ажиллагааны цар хүрээ маш өргөн байгаа болохоор мөргөлдөж сөргөлдөх “зангуунд унах” ёсгүй, харин ч нэг нэгнийхээ хөгжлийг дэмжиж, хамтдаа хөгжих ёстой. Хятад, Америкийн харилцааг сайтар зохицуулна гэж эрхэм ерөнхийлөгч та олонтоо ярьсан бөгөөд хоёр талаараа харилцан хүндэтгэж, харилцан ашигтай байхыг дэмжихээ ч мэдэгдсэн. Энэ бол та бидний эрхбиш чанд баримтлах зөв чиглэл мөн. Хоёр талаараа та бидний тохиролцсон зарчим, чиглэлийн дагуу, олон давхаргын солилцоог баримталж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, “зохицуулалт, хамтын ажиллагаа, тогтвортой” гэх үндсэн хэмнэлтэй Хятад, Америкийн харилцааг урагшлуулах ёстой” гэжээ.

Дональд Трамп, “дарга Ши Жиньпин тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. 2017 онд БНХАУ-д хийсэн айлчлал бол миний гадаадад хийсэн хамгийн баяртай нэгэн удаагийн айлчлал байж, хэзээ ч мартагдахгүй юм. Агуу их Хятад орны түүх соёл, олсон асар том ололт амжилтыг би биеэрээ мэдэрсэн билээ. Хятад улсыг би дайсан гэж боддоггүй, харин хоёр орны харилцаа улам сайн хөгжихийг хүсдэг. Тантай байнгын хэлхээ холбоотой байхыг би машид эрхэмлэгдэг бөгөөд Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятад улс хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон зарчим, чиглэлийн дагуу хичээн зүтгэж, “зохицуулалт, хамтын ажиллагаа, тогтвортой” гэх үндсэн хэмнэлтэй Хятад, Америкийн харилцааг хамтаар урагшлуулахыг Америкийн тал хүсэж байна. Энэ удаагийн та бидний уулзалт хоёр орны харилцаанд түлхэц өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.

Эдийн засаг, худалдааны асуудлаар Ши Жиньпин онцлохдоо, “яг үнэндээ Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны мөн чанар бол харилцан ашигтай байж хамтаар ашиг хүртэх явдал юм. Хоёр талаараа асар том ашиг сонирхлын уялдаа холбоотой байдаг болохоор хамтын ажиллагааны сайн түнш байх ёстой. Энэ нь Хятад, Америк хоёр оронд ашигтай төдийгүй, мөн даян дэлхийд үр өгөөжтэй юм. Америкийн талтай үргэлжлэн хэлэлцээ хийж, санал зөрөлдөөнөө сайтар хянаж удирдахад Хятадын тал бэлэн, гэвч энэ бүхэнд нь эрхбиш эрх тэгш, голч шударга байж, бие биеийн зүй ёсны анхаарал хандуулж байгаа асуудлыг зохицуулсанд суурилах хэрэгтэй. Бүрэн эрх, нэр хүндтэй холбогдсон асуудлаар Хятад улс өөрийн эрх ашгаа хамгаалж ажиллах нь лавтай. Дэлхийн эдийн засгийн хамгийн том хоёр цогц болох Хятад, Америк хоорондын санал зөрөлдөөнийг эцсийн эцэст яриа зөвшилцлөөр л зохицуулах болно” гэжээ.

Ши Жинпин, “Америкийн тал Хятадын аж ахуйн нэгж, оюутан сурагчдад голч шударга хандаж, хоёр орны аж ахуй нэгжүүдийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хэвийн хамтын ажиллагаа, хоёр ард түмний хэвийн солилцоог батлахыг Хятадын тал хүсэж байна” гэв.

Дональд Трамп, “Зөвшилцлөөр хоёр орны худалдааг тэнцвэржүүлж, хоёр орны аж ахуйн нэгжүүдэд голч шударга хандахаа батлахыг Америкийн тал хүсэж байна. Хятад улсаас импортлох бараа бүтээгдэхүүнээс Америк дахин шинээр гаалийн татвар нэмж татахгүй. Хятадын тал Америкаас бараа бүтээгдэхүүн импортлохоо нэмэгдүүлэхийг хүсэж байна. Хятад улстай хоёр талаараа хүлээн зөвшөөрч болохуйц худалдааны гэрээ хэлэлцээр тохиролцоход Америкийн тал бэлэн байна. Энэ нь түүхт чанартай чухал ач холбогдолтой юм” гэжээ.

Уулзалтын үеэр, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн нөхцөлд эдийн засаг, худалдааны зөвшилцлийг дахин эхлүүлж, Хятад улсаас импортлох бараа бүтээгдэхүүнээс шинээр гаалийн татвар нэмж татахгүй байж, хоёр талын эдийн засаг, худалдааны ажлын хэсгүүд бодит асуудлаар зөвшилцөхийг хоёр орны төрийн тэргүүн нар зөвшөөрчээ.

Дональд Трамп, “Хятад улсад маш олон шилдэг оюутан сурагчтай, тэд Америкт ирж сурахыг би сайшаан дэмжсээр байх болно” гэв.

Ши Жиньпин Тайваний асуудлаарх Хятадын улсын зарчимч байр суурийг танилцуулсан бол Трамп “Тайваний асуудлаарх Хятадын талын байр суурийг би хүндэтгэж, Америкийн тал нэг Хятадын бодлого баримтлах болно” гэжээ.

Түүнчлэн хоёр талаараа бас Солонгосын хойгийн асуудлаар санал солилцож, энэхүү асуудлаар зөвшилцөл, зохицуулалтаа улам эрчимжүүлж, эртхэн эвээр зохицуулахын чухал чанарыг онцолсон байна.
 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ