CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шар мөрний 110 настай гүүр

06-14-2019 12:07

 Гансү мужийн Ланжөү хот бол Шар мөрөн дайран өнгөрдөг Хятадын цорын ганц мужийн нийслэл юм. 1906 онд Ланжөү хотын Шар мөрөн дээгүүрх “Жоншань” төмөр гүүрийн барилгын ажил эхэлсэн бөгөөд гурван жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд 1909 онд албан ёсоор дуусаж, ашиглалтад орж байжээ. 234 метр урт, 7.5 метр өргөн тус гүүрийг анх “Ланжөү Шар мөрний гүүр” хэмээн нэрийдэж байгаад хожим “Жоншань” гүүр гэх болсон аж. Одоо ч гэсэн 110 настай энэ гүүр урьдын адил сүрлэг хэвээр сүндэрлэн буй. Үүнээс гадна орчин үеийн техник технологиор баригдсан 20 гаруй гүүр хоёр эргийг холбон байдаг гэнэ. Гүүр бүхэн байгалийн бартааг дардан болгосноос гадна аялагчдыг Шар мөрний хоёр эргээр зугаалах, Ланжөү хотын түүх, соёлыг ойлгох гол цэг болдог байна.
 Дашрамд дурдахад, 5000 орчим км үргэлжилдэг Шар мөрөн Түвдийн уулархаг нутгаас эх авч, Шар тэнгист цутгадаг. Уулархаг газар цасаар, бусад газар борооны усаар сэлбэгддэг бөгөөд усны өнгөөр нь шар хэмээн нэрийджээ. Олон удаа үерлэж, тэр бүртээ байгалийн гамшиг сүйрэлд хүргэж байсан учраас Хятадын зовлон гэж нэрлэх нь ч бий. Долоо, наймдугаар сард голын гүн нь хад цохиотой газартаа 20 метр, нам дор газарт таван метр хүрдэг аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ