CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Оксфордын их сургууль Мо Яньд хүндэт академич цол олголоо

06-14-2019 12:03

Оксфордын их сургууль энэ сарын 12-нд Нобелийн шагналт Хятадын зохиолч Мо Яньд хүндэт академич цол олгосон байна. Түүнчлэн Мо Яний нэрэмжит олон улсын бичгийн төв байгуулсанаа зарласан аж. Шагнал гардуулах ёслолын үеэр эхлээд багш, оюутнуудад Нобелийн утга зохиолын шагналын эзэн, Бээжингийн Багшийн их сургуулийн профессор Мо Яний амьдралын түүх, уран бүтээлийн талаар товчхон танилцуулжээ. Үүний дараагаар түүнд сургуулийн тэмдэг бүхий нөмрөг бэлэглэн, Хятадын болон дэлхийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хүндэт академич цол олгож байгаагаа мэдэгдсэн байна. Мо Янь хүүхэд насныхаа дуртай жүжиг, өөрийн бичсэн зохиол бүтээлийнхээ талаар болон Шекспир түүнд хэрхэн гүн нөлөөлсөн тухай ярьжээ.
 1981 оноос анхны бүтээлээ хэвлүүлж эхэлсэн Мо Янь богино өгүүллэгүүдээрээ алдартай. Тэрбээр 2012 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд энэ шагналыг авсан Хятадын анхны зохиолч болсон юм.  Үүнээс өмнө 2000 онд Хятадад төрсөн Гао Синжан Нобелийн утга зохиолын шагнал хүртэж байсан ч тэрбээр Франц иргэншилтэй байсан.  Мо Янь “Улаан сорго" хэмээх номоороо олон улсад илүү алдартай. Түүний энэхүү зохиолоор хийсэн кино Берлиний кино наадмаас “Алтан баавгай”-н шагнал хүртэж байжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр