CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

НҮБ-ын төв байранд монгол ном, бичгийн үзэсгэлэн гарав

06-10-2019 15:10

 Тавдугаар сарын 13-19 өдрүүдэд Нью-Йорк хотноо орших Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв штабын байрнаа монгол ном, монгол бичгийн үзэсгэлэн гарсан нь монголчуудын өв уламжлал, бичиг номын соёлыг олон нийтэд таниулсан, ялангуяа сонгодог монгол бичгийг Монгол улсын ард түмний оюуны өмч болохыг дэлхийн олон улс орны элчин сайд, дипломат төлөөлөгч нарт харуулсан, нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Монгол улсын их хурлын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн санаачилгаар зохион байгуулсан уг арга хэмжээг НҮБ дахь Монгол улсын Төлөөлөгчийн газар, Монголын Үндэсний Номын Сан, цуглуулагч хувь хүмүүс дэмжин, хамтран ажиллажээ. Тухайлбал Монгол Үндэсний Номын Сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоо тус номын сангийн бэлтгэл фондоос 1920 – 1930 онд монгол бичгээр хэвлэгдсэн сонин сэтгүүлийн дээжсээс авчран дэлгэсэн бол цуглуулагч Намдангийн Баатар хувийнхаа цуглуулгаас Монголын Нууц Товчоо, Гэсэр, Жангар тэргүүтэй монголчуудын бахархал болсон ном судрыг тавьж, нийтэд сонирхуулсан юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Алисон Смэйл болон НҮБ-д суугаа дэлхийн олон арван улсын Элчин сайд оролцсон нь арга хэмжээний ач холбогдол, нэр хүндийг өргөсөн хэрэг болов. Монгол улсаас НҮБ-д суугаа элчин сайд Сүхээгийн Сүхболд нээж үг хэлэхдээ хүрэлцэн ирсэн нийт хүндэт зочдод талархаад Монгол судлал, монгол бичиг соёлын шинжлэлд Монгол улсын засгийн газраас явуулж буй бодлого, өнөөгийн байдлыг дүгнэн өгүүллээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр