CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ Өвөрхангай аймагт болж байна

05-28-2019 10:28

 

МУ болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, МУ-ын Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, МУ-ын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв зэрэг байгууллагууд хамтран, тус ойн хүрээнд Хятадын соёл, түүхийг МУ-ын ард иргэдэд таницуулах зорилгоор “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээг 5-р сарын 27-29-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулж байна.

27-нд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод энэхүү өдөрлөгийн нээлтийн арга хэмжээ болсон юм. Нээлтийн арга хэмжээг нээн, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд үг хэлэв. Тэрээр: Энэхүү арга хэмжээ нь Арвайхээр, Хужирт, Хархорин сумд 3 өдөр зохион байгуулагдана. Энэ хүрээнд Хятадын уран бүтээлчдийн тоглолтыг олон нийтэд үзүүлэх, Хятадын үзэсгэлэнт байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулах, хүүхдүүдэд ном зохиол бэлэглэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Хятад улс бол гадаадын жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа том гүрэн юм. Энэ утгаараа “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээг манай аймагт зохион байгуулж байгаа нь бидний хувьд том аз завшаан юм. Цаашдаа аялал жуулчлалын чиглэлээр Хятад улстай хамтарч ажиллах нь бидний зорилго. Өвөрхангай аймаг нь “Бүс ба зам”-ын хүрээнд Хятад улсын Фүжянь, Гүйжөү зэрэг мужуудтай аялал жуулчлал, ХАА салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ ажлууд маань ажил хэрэг болж буйд талархаж байна гэлээ.

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй: Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайминг төлөөлөн, үзэсгэлэнт Өвөрхангай аймагт хүрэлцэн ирж, “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Бид энэхүү арга хэмжээгээр дамжуулан, МУ-ын ард түмэнд Хятад улсыг таниулж байгаа төдийгүй, аялал жуулчлал, соёлын энэ ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд түлхэц болж байгаа юм. Соёлын өдөрлөгийн үр дүнд, Хятад улсын соёл, түүх, аялал жуулчлалын талаар Өвөрхангайчууд улам илүү ойлголттой болно гэдэгт итгэж байна гэжээ.

“Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээний нээлт болохоос өмнө, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд зэрэг МУ-ын орон нутгийн удирдлагууд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй тэргүүтэй Хятадын талын төлөөлөчидтэй уулзаж, хоёр талын аялал жуулчлал, соёлын харилцаа, цаашдын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо солилцжээ.

Мөн үеэр бас хоёр талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Ёслолд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн менежер Б.Хурцбаатар, Монголын талаас Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхцэцэг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Арвайхээр хотод болж буй энэ арга хэмжээний хүрээнд, “Үзэсгэлэнт Хятад орон” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятад ном хандивлах ёслолын ажиллагаа”, Хятадын уран бүтээлчдийн “Торгоны замын цэцгийн хур”, МУ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа.

Зохион байгуулагч талын танилцуулснаар, “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” энэ арга хэмжээ нь 28-29-ний өдөр Хужирт болон Хархорин сумд үргэлжлэн зохиогдох юм байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр