CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цайны үзэсгэлэн яармаг болж байна

05-17-2019 14:29

 БНХАУ-ын Жэжянь мужийн Ханжөү хотод Олон улсын  цайны III үзэсгэлэн яармаг эхэлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Үзэсгэлэнгийн үеэр 70 мянган хавтгай метр талбайд төрөл бүрийн цай танилцуулсан чингэлгүүд ажиллаж, Хятадын болон олон улсын 1500 орчим цай үйлдвэрлэгч компани, байгууллага бараа, бүтээгдэхүүнээ нийтэд танилцуулж буй. Мөн энэхүү үзэсгэлэнгийн үеэр цайг хэрхэн хандлах, бэлтгэх, аль улиралд ямар цай уух гэх мэт мэдээллийг түгээх сурталчилгааны арга хэмжээ, цайны ёслол зэргийг зохион байгуулж байна.
Хятадын цайны ассоциацийн мэдээлж буйгаар, 2013 оноос тус улсын томоохон хотуудад олон төрийн цайны үзэсгэлэн, худалдааг зохион байгуулсаар ирсэн бөгөөд олон улсын хэмжээний арга хэмжээ нь голчлон Шанхай, Ханжөү, Бээжин зэрэг хотод болдог аж. 2012 оны байдлаар, тус улсын цайны үйлдвэрлэлийн эргэлт 270 тэрбум юаниар хэмжигдэж байсан бөгөөд 2020 он гэхэд энэ тоо нэг их наяд юаньд хүрэх магадлалтай гэж Ханжөү хотын Цай судлалын хүрээлэнгийн захирал Жан Шикан онцолж байна. Одоогийн байдлаар Хятадад цайны тариалан эрхэлдэг, цай үйлдвэрлэн зах зээлд гаргадаг 70 гаруй мянган компани үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Дашрамд өгүүлэхэд, Ханжөү нутгийн алдарт Лунжин цайны тухай киноны зураг авалтыг ирэх зургаадугаар сараас эхлүүлэх бөгөөд 2020 онд дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байна. Цайны аж ахуйтай салшгүй холбоотой Лунжин тосгоныхны амьдрал, түүх, соёлыг харуулсан энэ бүтээлийг продюсер Тан Гуан И “Цайны соёлыг шинээр нээх, танилцуулах зорилготой” хэмээн үзэсгэлэнгийн үеэр онцолсон билээ. Хятадын хамгийн үнэтэй 10 цайны нэг гэгддэг Лунжин ногоон цай нь навчны гоёмсог хэлбэр, зөөлөн үнэр, тансаг амтаараа алдартай.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр