CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бүтэлгүй дурлалын музей болзооны газар болжээ

05-17-2019 14:33

 Хятадын Шаньси мужийн нийслэл Тайюань хот дахь Бүтэлгүй дурлалын музей нээгдээд 20 гаруйхан хонож буй ч аль хэдийнээ өдөрт 500 гаруй хүн хүлээж авдаг хөл хөдөлгөөнтэй газар болжээ. Музейг үзэж сонирхдог хүмүүсийн дийлэнх нь 16-25 насныхан бөгөөд музейн ажилчдын хэлснээр шинэхэн музей нууцхан болзооны газар болоод буй гэнэ. Музейд галт тэрэгний тасалбар, хайртдаа нэхэж байсан ч гүйцээлгүй орхисон ноосон цамц, нэг ч өмсөөгүй хуримын даашинз, уруулын будагтай зангиа гээд бүтээгүй, амьдрал болоогүй дурлалын түүхийн дурсгал болох 200 гаруй эд зүйл тавигджээ. Энэ бүхнийг жирийн иргэд, бодит түүхийн эзэд өөрсдөө уг музейд хандивласан аж. Музейн эрхлэгч Кан Шидуний хэлснээр бүтээгүй дурлалтайгаа холбоотой эрхэм нандин зүйлээсээ салах нь хүмүүст тайвширч тайтгарах, бодит байдалтайгаа эвлэрэх боломж олгодог байна. Тэрбээр нэг бугуйвч авчирч, түүнийхээ талаар уртаас урт тэмдэглэл бичин үлдээсэн нэгэн залуу эрийн түүхийг жишээ болгон татаад Бүтэлгүй дурлалын музейг “эдгэрэл”-ийн газар гэжээ. Тиймээс ч залуус уг музейд болзох нь нэмэгдсэн бололтой.
Бүтэлгүй дурлалын дэлхийн анхны музей 2006 онд Хорват улсад, нэгэн зураач хос дөрвөн жилийн хамтын амьдралаа цэглэхдээ хамт амьдарч байсан байшингаа дундаа хэрэглэж байсан бүх л эд зүйлийнхээ хамт урьдын дүр байдлаар нь нийтэд дэлгэн харуулахаар шийдсэнээр үүд хаалгаа нээж байжээ. Хятадад одоогоор ийм төрлийн хэд хэдэн музей Нанжин, Чэндү, Шиань, Үхань, Бээжин, Чунчин, Жинань, Гуанжөү зэрэг хотод байгуулагдаад байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр