CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Динзаврын “найз” Аммонитыг хувнаас олсон анхны тохиолдол гэв

05-15-2019 14:26

 Хятад эрдэмтний удирдсан олон улсын баг нэгэн ховор хув олсон нь дотроо балар эртний далайн амьтан “Аммонит”-ын чулуужмалтай байжээ. Энэ нь ор мөргүй устсан “наймаалжны хамаатан”-ыг хуван дотроос олсон анхны тохиолдол юм байна. Түүгээр ч барахгүй тус олдвор нь хув хэрхэн бүрэлдэн бий болсныг олж тогтоохын зэрэгцээ дэлхийн экосистемийн талаарх судалгааг шат ахиулах чухал баримт нотолгоо болох ажээ. Энэ тухай мэдээллийг Хятадын Шинжлэх ухааны хүрээлэн, Нанжины геологи, палеонтологийн судалгааны газрын судлаачид Америкийн Үндэсний шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний сэтгүүлд энэ сарын 13-нд нийтэлжээ.
Цэрдийн галвын дунд үед хамаарагдах энэхүү мьянмар хув нь зургаан грамм жинтэй, 33 мм урт, 9.5 мм өргөн, 29 мм-ийн өндөртэй бөгөөд хамгийн багадаа 40 амьтны биеийг өөртөө “багтаажээ”. Тухайлбал, аммонитоос гадна далайн төрөл бүрийн хэвлийгээр явагчид, далайн гүний амьтдаас гадна хачиг, аалз, шавж зэрэг хуурай газрын амьтад хүртэл байсан аж.
Ургамлын давирхайд байгалийн урт удаан хугацааны нөлөөллөөр үүсэн бий болдог хув хэмээх энэхүү чулуулагт ихэвчлэн эх газрын организм агуулагддаг, харин далайн амьтад “ирж наалдах нь” нэн ховор тохиолдол ажээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ