CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хойд Солонгос хятад хэлний шалгалтын төвтэй болов

05-09-2019 11:10

 Хойд Солонгост анх удаа хятад хэлний түвшин тогтоох шалгалтын төв энэ сарын 7-нд нээлтээ хийлээ. Тус шалгалтын төв нь Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод байрлах Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр байгуулагдсан аж. Нээлтийн арга хэмжээнд Күнзийн институтын ерөнхий нарийн бичгийн дарга Жао Гуочэн, БНХАУ-аас БНАСАУ-д суугаа элчин сайд Ли Жиньжүнь, БНАСАУ-ын Боловсролын хорооны дэд зөвлөлийн дарга Жао Жэ, Пхеньяний Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Пү Шаньи болон тус сургуулийн багш, оюутны төлөөлөл нийлсэн 200 гаруй хүн оролцжээ. Ингэснээр Хойд Солонгос нь хятад хэлний түвшин тогтоох шалгалтын төв байгуулсан дэлхийн 137 дахь орон болсон байна. Үүнээс өмнө тус улсад хятад хэлний түвшин тогтоох шалгалтын газар байгаагүйгээс суралцагчдад шалгалт өгөх боломж хомс, Хятад эсвэл аль нэг оронд очих шаардлагатай болдог байсан гэнэ. Өдгөө энэ төв нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK), ярианы түвшин тогтоох шалгалт (HSKK), дунд, бага сургуулийн сурагчдын хятад хэлний шалгалт (YCT) болон бизнесийн хятад хэлний шалгалт (BCT) зэрэг дөрвөн төрлийн шалгалт авах аж.
Сонирхуулахад, Пхеньяний Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь 2010 оны аравдугаар сард байгуулагдсан бөгөөд сургуулийн бүс нь нэг сая ам метр талбайг хамардаг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр