CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад-Түвд хэлний язгуур 7200 жилийн өмнө үүссэн

05-09-2019 14:04

 Хятад, Францын эрдэмтдийн хамтарсан баг Хятад-Түвд хэлний язгуур буюу одоогийн хятад, бирм зэрэг хэлний өвөг аймгийг өнөөгийн Хятадын хойд хэсэгт 7200 гаруй жилийн өмнө үүссэн болохыг тогтоожээ. Энэтхэг-Европ хэлний язгуурын дараа орох дэлхийн хамгийн олон ярилцагчтай, хамгийн баялаг хоёр дахь язгуур болох Хятад-Түвд хэлний язгуурт нийт 1.5 тэрбум хүний эх хэл болох орчин цагийн 400 орчим хэл багтдаг юм. Судлаачдын тогтоосноор энэхүү язгуурын хамгийн анхны хэлнүүд Шинэ чулуун зэвсгийн үе буюу эртний Хятадын Цишан соёлын сүүлч, Яншао соёлын эхэн үед аж төрж асан тариачдын дунд үүсэн бий болжээ.
 Өнөөгийн өрнө дахины дийлэнх хэлний эх болох Энэтхэг-Европ хэлний язгуурыг хамгийн ихдээ 10 мянган жилийн түүхтэй гэж үздэг бол Хятад-Түвд хэлний язгуур чухам хэдийд үүссэн нь өнөө хэр маргаантай байсан аж. Зарим судлаач энэ язгуурын хэлнүүдийг одоогийн Хятадын баруун өмнөд, эсвэл Энэтхэгийн зүүн хойд хэсэгт ойролцоогоор 9000 жилийн өмнө үүссэн гэж таамагладаг байна. Харин Хятад, Францын эрдэмтэд уг язгуурт багтах орчин цагийн 50 хэлний үгсийн санг нарийвчлан судалж, энэ чиглэлийн анхны өргөн цараатай ажиглалтыг хийсний дүнд дээрх дүгнэлтэд хүрчээ. Судалгааны багт оролцсон Макс Планкийн Түүхийн шинжлэх ухааны хүрээлэнгийн мэргэжилтэн Саймон Гринхиллийн хэлснээр 7200 жилийн тэртээ үүссэн Хятад-Түвдийн өвөг язгуур хэлнүүд Яншаогийн соёлыг мөхөн доройтсоны дараа, Мажяаяогийн соёлын түрүү үед буюу одоогоос 5900 орчим жилийн өмнөөс эхлэн Шар мөрний сав газарт тус тусын хэлний бүлэг үүсгэн салаалан хөгжсөн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ