CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятадын үзэсгэлэнт газрууд

05-08-2019 14:39

Түмэн бээрийн цагаан хэрэм, нийслэл Бээжин, түм түжигнэсэн Шанхай зэрэг хэн хүний мэдэх аяллын чиглэлийг өдгөө дэлхий андахгүй. Энэ удаад бид байгалийн үзэсгэлэн, түүх, дурсгал цогцолсон  газруудыг онцолж байна.


Есөн тосгоны хөндий


Хятадын төв хэсэгт 720 хавтгай км талбайг эзлэн орших энэ хөндий хүрхрээ, тунгалаг уст нууруудаараа  алдартай. Сычуань мужийн умард хэсгийн есөн тосгоны хөндий гэж алдаршсан энэхүү цогцолборыг 1992 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтаасан. Номин ногоон, цэнхэр өнгөөр солонгорон харагддаг нуур, гол, ургамал, цэцэг нь жуулчдын нүдийг баясгах бөгөөд жилийн дөрвөн улирлаар өнгө нь солигдон харагддаг таван цэцэгт нуур, хунт нуур нь Хятадын хамгийн үзэсгэлэнт газруудын нэгд тооцогддог ажээ.
Олон зуун жилийн турш түвд, чан үндэстэн суурьшиж ирсэн, буйд энэ нутагт өдгөө долоон тосгон л үлдсэн агаад 1990-ээд оноос хойш аялал жуулчлал эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Гэвч өндөрлөгт оршдог, зам харгуй муутай, хүн ам цөөтэй тул аялагчдаас тэсвэр хатуужил шаардана.

 

   Улаан мөрний  тутаргын талбай


          Хятадын ард түмний ахуй амьдрал, соёлд хамгийн чухал байр суурь эзэлдэгийн хувьд жуулчид тутаргын талбай үзэхээр зорих нь олонтаа. Хятадад цагаан будааг 7 мянга гаруй жилийн өмнөөс тарьж байсан түүхийн баримт бий. Нийтдээ 66 мянган хавтгай км талбайг эзлэн орших, олон зуун жилийн турш арчлан хамгаалж ирсэн тутаргын талбай хэд хэд бий.
Жуулчдын хамгийн их очдог Хунхэ-Ханийн тутаргын талбай л гэхэд 1300 жилийн түүхтэй. Цагаан будаа тариалахад зориулан хөрсний  ус, чийгийг хамгаалж, бороо, үерт үржил шим нь  алдагдахаас сэргийлэн уулыг шатлан тутаргын талбай болгосон энэ газар жуулчдад зориулсан талбай,  тавцантай.
Юньнань мужийн Улаан мөрөн буюу Хунхэгийн өмнөд эрэг дагуу байрлах энэ талбай 12 мянга гаруй га буюу 126 хавтгай км орчим хэмжээтэй, жуулчдад зориулсан хэсэг рүү нэвтрэхэд 50 юанийн тасалбар худалдан авах шаардлагатай. 

 

   Хүрэл Будда


Хонгконгийн Лантау аралд сүндэрлэх хүрэл Будда хүн байгалийн шүтэлцээ бэлгэддэг ажээ. 34 метр өндөр, 250 тонн жинтэй хүрэл Будда руу очихын тулд 268 гишгүүр бүхий өндөр шатаар авиран оргилд хүрнэ.
1990 оноос бүтээн байгуулалтыг эхлүүлэн гурван жилийн дараа цутгаж дууссан энэхүү хөшөөний нээлтэд дэлхийн өнцөг булан бүрээс Буддын шашинтан, хуврагууд хүрэлцэн ирсэн гэдэг. Өдгөө бол аялал жуулчлалын хамгийн том төвүүдийн нэг болсон По Лин хийд, хүрэл Буддаг үзэхээр очдог хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

 

 Солонгон  хавцал


Хятадын баруун умард Ганьсу мужид орших, геологийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт цогцолбор дэлхийд ганц гэдгээрээ алдартай. Жанье Даньшягийн цогцолбор 510 хавтгай км талбайтай, өнгө өнгөөр солонгорох, онцгой тогтоцтой хад, хавцлуудтай. Үлгэрийн уул хэмээн алдаршсан Даньшягийн хавцал Цилянийн нуруунд, Жанье хотоос өмнөд зүгт 20 км зайд, Линьжэ  болон Сунань суурингийн ойролцоо байдаг одоогоос 24 сая жилийн тэртээ үүссэн гэж судлаачид үздэг.
2005 онд Хятад, гадаадын 34 хэвлэлийг төлөөлсөн сэтгүүлчдийн санал асуулгаар, тус улсын хамгийн үзэсгэлэнт, өвөрмөц газраар тодорсон юм. 2000 оноос хойш энэ нутагт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, хад, хавцлыг харахад зориулсан модон тавцангууд, жуулчдад зориулсан үйлчилгээний газар нээгдэж, зам харгуйг нь сайжруулан зассан аж. 

 

   Хавцлын  сүм


Хятадын Шаньси мужийн Хэншань буюу ариун ууланд 491 онд байгуулагдсан сүм жуулчдын зорих дуртай газрын нэг. Шуанкун Си сүм нь Датун хотоос зүүн өмнөд зүгт 65 км зайд оршино. Умард Вэй гүрний үеэс нутгийн бурхан шашны төв байсан, түүхийн хувьд үнэт дурсгал болсон энэ сүмд будда, бумба, күнзийн шашны хуврагууд шавилан сууна.
 Хавцлаас модон тулгууруудаар бэхэлсэн сүмийн цогцолбор нийт 40 танхимтай, хадыг нүхлэн гаргасан арын өрөө, бусад  байгууламжуудаас бүрдэнэ. Алтан шуумал, хүрэл, зэс зэрэг 80 гаруй бурхан, шүтээнтэй энэ сүмийг  1982 оноос тусгай хамгаалалтад авчээ.

 

  Мянган арлын нуур


Жэжянь мужид 1959 онд усан цахилгаан станц байгуулах үед үүссэн мянга арлын нуур нь тунгалаг усаараа, байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай.  573 хавтгай км талбай бүхий, 17.8 шоо км эзлэхүүнтэй энэ нуур нийт 86 хавтгай км талбайг эзэлсэн 1078 аралтай. Дашрамд өгүүлэхэд, Хятадын цэвэр усны “Нунгфу” брэндийн үйлдвэр энд байрладаг бөгөөд эндхийн усыг цэвэр  тунгалаг, өвчин анагаах шидтэй хэмээн нутгийн олон ярьдаг.
Ерөөс Жэжянь мужид Баруун нуур, Мянган арлын нуур зэрэг цэнгэг уст нуур, үзэсгэлэнт газрууд цөөнгүй агаад Хөх мөрний бэлчирийн цогцолборууд, гол мөрөн, гүүрээрээ алдаршин, “газрын диваажин” гэгдэх болсон билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр