CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Эртний хаант улсын үеийн оршуулгын газар олжээ

05-08-2019 14:14

 Египетийн Түүхийн дурсгалт зүйлсийн дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мустафа Вазир энэ талаар Кайр хотноо мэдэгдлээ. Тодруулбал, Египетийн археологийн баг Пирамидын ойролцоогоос эртний хаант улсын үе (МЭӨ 2686-МЭӨ 2181 он)-д хамаарах оршуулгын газар олсон байна. Түүнчлэн археологийн багийнхан тус оршуулгын газраас эртний хэд хэдэн бунхан илрүүлжээ. Тэдгээрээс хамгийн олон жил болсон нь тавдугаар хаант улсын үеийн гэр бүлийн бунхан гэнэ. Эл бунхан нь хоёр эзэнтэй. Нэг нь тахилч, шүүгч гэх мэт долоон цол гуншинтай бол нөгөө нь улс орны аугаа удирдагч, шинэ нутаг дэвсгэрийг сахин хамгаалагч зэрэг таван цол хэргэмтэй аж. Түүнчлэн археологийн багийнхан бунхан дотроос ханын зурагны үлдэгдэл гэх мэт түүхийн дурсгалт зүйлийг олсон байна. Тэдгээрээс хамгийн чухал нь бунхны эзний шохойн чулуун хөшөө юм.
 Тус оршуулгын газрыг мөн эртний Египетийн сүүлч үе (МЭӨ 712-МЭӨ 323 он)-д ашиглаж байжээ. Археологчид оршуулгын газраас эртний Египетийн сүүлч үед хамаарах модон угсраа авс болон оршуулганд хэрэглэдэг модон, чулуун баг олсон байна. Тэдгээрийн олонх нь өнгөө алдаагүй байсан гэнэ.
 Сүүлийн жилүүдэд Египетийн Засгийн газар аялал жуулчлалын салбараа сэргээх үүднээс археологийн салбарт ихээхэн хөрөнгө оруулах болжээ. Үүний үр дүнд ч олон арвин археологийн олдвор олох болсон байна. Энэ жил л гэхэд хэд хэдэн чухал туурьнаас ховор нандин түүхийн дурсгалт зүйлс олж илрүүлсэн аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр