CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цахим эдийн засгийн эргэлт 31 их наяд юаньд хүрлээ

05-07-2019 15:04

 Өнгөрөгч 2018 оны сүүлчээр БНХАУ-ын цахим эдийн засгийн эргэлт 31 их наяд юаньд хүрч, ДНБ-ий гурав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээг эзэлсэн тухай Кибер сансрын төвийн дэд захирал Ян Сяовэй мэдэгдсэнийг Хятадын “Өдрийн сонин” уламжлав.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадын сүлжээний дэд бүтцийн бүтээн байгуулалт нэмэгдэж, биг датаг бизнес, худалдаа, үйлчилгээний салбарт нэвтрүүлэх, өндөр хүчин чадал бүхий, хурдтай интернэтийн үйлчилгээг хүмүүсийн амьдралд өргөн нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн чухал салбарт ахиц гарсан байна. Тухайлбал,  43.58 сая км газар шилэн кабель татаж, 4G сүлжээ дэмжих бүсийн хэмжээ 2017 оныхтой харьцуулахад 2.4 дахин тэлж, одоогийн байдлаар 1.17 тэрбум хүн өндөр хурдтай интернэт хэрэглэж байна. Мөн дэлхийн улс орнууд, тэр дундаа “Зам ба бүс нутаг” санаачлагын орнууд ашиглах боломжтой “Бэйдоу” үйлчилгээний үндсэн системийг бий болгов.
Цахим эдийн засаг Хятадын худалдаа, бизнес, үйлчилгээний салбарт ч шинэ чиг хандлагыг авчирч байна. 2018 оны байдлаар орон даяар онлайн худалдааны эргэлт 25.4 хувиар өссөн бол хоол, хүнсний бүтээгдэхүүн, цэцэг хүргэлтийн үйлчилгээ хүрээгээ тэлж, олон ажлын байр бий болгосоор буй. Үүний зэрэгцээ  аж үйлдвэрийн салбарт үр ашиг, бүтээгдэхүүний тоо, чанарыг нэмэгдүүлэх, зардлыг багасгах технологийг түлхүү ашиглаж, энэ нь  байгаль орчинд ээлтэй бизнес загварыг хөгжүүлэхэд нөлөөлж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ